Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-үүлийн үеэс хотод дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн. Үүний дагуу автомашинууд тэгш, сондгой дугаараар ээлжлэн замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд онцгой эрхийн дагуу дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцож ирсэн юм.

Харин гуравдугаар сарын 1-нээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй иргэдийн замын хөдөлгөөнд хязгаарлалтгүй оролцох эрхийг цуцлахаар болжээ. Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “ Байнгын асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд эмчилгээ, сувилгаа болон цэцэрлэг, сургуульд хүргэх авах өдөр тутмын шаардлагыг үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд улсын дугаарын хязгаарлалтгүй зорчих түр зөвшөөрлийг олгосоор ирсэн. Энэ нь дээрх журамд хамаарагдахгүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсээс танай байгууллагаар дамжуулан дээрх иргэдэд олгосон түр зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн үйлдэл гэж үзсэн бөгөөд зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслийн мэдээллийг бүртгэлээс хасаж, цаашид Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулж ажиллах болсныг мэдэгдэв” гэсэн утга бүхий мэдэгдлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт явуулжээ.