Насанд хүрээгүй хүний эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх бүлэг этгээдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тодруулбал, иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт холбогджээ. Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.