“Монос Хүнс" ХК-ийн ашиг 2023 онд 14 хувиар өсөж, 3.6 тэрбум хүрлээ

“Монос Хүнс" ХК-ийн ашиг 2023 онд 14 хувиар өсөж, 3.6 тэрбум хүрлээ

"Монос Хүнс” ХК-ийн борлуулалтын орлого 2023 онд 12 хувиар өсөж, 31.6 тэрбум төгрөг болсон байна. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 7.5 хувиар өсжээ.

Тайлант хугацаанд татварын дараах  цэвэр ашиг нь 14 хувиар өсөж, 3.6 тэрбум төгрөг хүрсэн байна. Оны эхний хагас жилийн байдлаар “MFC 2.0” төслийн гүйцэтгэл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн барилга 95 хувь, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 90 хувь, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил 95 хувьтай явагдаж байгааг мэдээлж байв.“Монос Хүнс” компани экспортын хүрээгээ тэлж, ааруулыг тараг болон чацаргана жимсээр баяжуулсан “BerryVit” үрлээ ОХУ-д худалдаалах зорилгоор “Милино” брэндийг хөгжүүлэн “Творожное Драже” буюу “Ааруултай үрэл” нэрээр экспортолж эхлээд байна. Ингэснээр “Милино” брэндийн ааруултай үрлийг ОХУ цаашлаад Евроазийн эдийн засгийн холбооны таван улсад борлуулах боломжтой болоод байгаа ажээ.

Мөн тус компани өнгөрсөн онд Бүгд Найрамдах Киргиз улсын “Лекарь” эм ханган нийлүүлэх компанитай гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд тус компани 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ “Лекарь “компанийн 100 гаруй сүлжээ эмийн сангаар Киргиз улсад албан ёсоор худалдаалахаар болж, энэ оны нэгдүгээр сараас тус улсад бүтээгдэхүүнүүдээ экспортолж эхэлжээ. Тухайлбал: “Маамуу” шүүс, “Эко” уусдаг цай, “BerryVit” витаминт, үзэмтэй болон ааруултай үрэл зэрэг бүтээгдэхүүнийг тус улсад нийлүүлж байгаа аж. “Монос Хүнс” ХК өнгөрсөн онд цэвэр ашгийнхаа 30 хувийг ногдол ашигт олгож байсан юм.