Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт талийгаачдын шарилыг ар гэрт нь сольж өгч явуулсан асуудал гарсан гэх мэдээлэл өчигдөр /2024.02.20/ цахим сүлжээнд цацагдсан билээ.
Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Булган аймгийн нэгдсэн эмнэлэг талийгаачдын шарилыг ар гэрт нь сольж өгч явуулсан асуудал энэ сарын 12-ны өдөр гарсан. Тодруулбал, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтнууд цогцос хадгалах газраас баасан гарагт нутаглуулах байсан шарилыг лхагва гарагт нутаглуулах хүмүүст андуурч өгч явуулсан байна. Тухайн ар гэр үүнийг анзаарахгүй, бурхан болоочийг нутаглуулсан байжээ.
Гэтэл баасан гарагт нутаглуулах ёстой шарилыг ар гэрийнх нь авахаар очих үедээ энэ талаар мэдсэн байна. Ингээд асуудал үүсэж, зан үйлийг дахин хийсэн" гэх мэдээллийг өглөө.
Энэ талаар талийгаачдын ар гэр хуулийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй аж. Харин тухайн мэдээлэл нь өчигдөр цахим сүлжээнд цацагдсантай холбоотойгоор уг асуудлыг Булган аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.