ВИДЕО: Автомашинтай мөргөлдсөн УБТЗ-ын галт тэрэг "хаалтгүй огтолцол" дээр дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан байж болзошгүй байна

ВИДЕО: Автомашинтай мөргөлдсөн УБТЗ-ын галт тэрэг "хаалтгүй огтолцол" дээр дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан байж болзошгүй байна

Дорнод аймгийн төв Чойбалсанд энэ сарын эхээр галт тэрэг суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан билээ. Тэгвэл уг ослын талаар эх сурвалжуудаас тодрууллаа.

ВИДЕО: 

"Улаанбаатар төмөр зам"-ын Баянтүмэнгийн тавдугаар ангийн галт тэрэг энэ сарын 06-ны өдрийн /2024.02.06/ 19 цаг 50 минутын орчимд приус маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Уг ослын улмаас суудлын автомашинд зорчиж байсан нэг иргэн хүнд, нэг иргэн хөнгөн гэмтжээ. Тодотговол, хохирогч болох хоёр иргэн нь эхнэр, нөхөр хоёр байсан бөгөөд тэд такси үйлчилгээгээр айлд очихоор явах замдаа ийнхүү осолд өртсөн аж.

Ослын улмаас гэр бүлийн хоёрын нөхрийнх нь олон тооны хавирга хугарч, дотуур цус алдаж, уушги нь бяцарсан байна.

Тухайн иргэн нь өдгөө Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос мэргэжлийн эмч нар очиж, хагалгаа хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Харин эхнэр Г нь сэтгэл зүйн хүнд цочролд орж, тухайн үед ухаан алдсан шокоосоо гарахгүй өнөөг хүрээд байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар осолдсон галт тэрэг нь гэрэлтүүлэг маш муу, сигналгүй байсан гэх бөгөөд "хаалтгүй огтолцол" дээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан байж болзошгүй байгаа аж. Ямартай ч өдгөө тус ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.