АВЛИГА ХОРООЛОЛ: "Манай барилга энэ хавар ашиглалтад орно. Иргэд нүүж ороод нийтийн өмч болчихвол нураах талаар яригдахгүй" гэв

АВЛИГА ХОРООЛОЛ: "Манай барилга энэ хавар ашиглалтад орно. Иргэд нүүж ороод нийтийн өмч болчихвол нураах талаар яригдахгүй" гэв

Өнгөрсөн зун орсон их хэмжээний борооны улмаас Сэлбэ гол эргээсээ хальж ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хохирол учруулсан бөгөөд үүнд "S Outlet", "Акуа гарден" хотхоны барилгуудаас хоёр блок барилга болон "Шунхлай" ШТС нөлөөлсөн гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан.

Улмаар эдгээр барилгуудыг нураах нийслэлийн засаг даргын захирамж гарч, "S Outlet", "Шунхлай" ШТС-ын барилгыг нураагаад байгаа бол "Акуа гарден" хотхоны хоёр блок барилгыг нураагаагүй байгаа юм. Өнгөрсөн зунаас хойш хөвөрсөн "Акуа гарден" буюу олны нэрлэж заншсанаар  "Авлига хороолол"-ыг нураах болон эс нураах тухай маргаан өнөөдрийн байдлаар ямар байгаа талаар товч мэдээллийг хүргэе.

ВИДЕО

Уг нь иргэдийн ойлгоод байгаа шиг авлига хорооллыг бүтнээр нь нураах асуудал энд огт яригпаагүй. Гагцхүү зөвшөөрөгдсөн газраас хэтрүүлж, голын голдирлыг өөрчлөн барьсан урд талын хоёр блок барилгыг л нураах асуудал яригдаж байгаа. Энэ хоёр блок барилгыг нураах хотын дарга асан Д.Сумъяабазарын захирамж өнгөрсөн долдугаар сард гарсан.

Гэтэл "Эм энд Жи" констракшн Засаг даргын захирамжийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Энэ дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд өнгөрсөн аравдугаар сард “Авлига хороолол”-ыг буулгах захирамжийг түр хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэнээр өнөөдрийг хүртэл уг барилгыг нураах эсэх нь тодорхойгүй байсаар ирлээ.

Нураах захирамжтай байгаа "Авлига хороолол"-ын хоёр блок

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, "Усан паркийн хоёр блок барилгыг нураах шийдвэр хэвээрээ байгаа. Хавраас нурааж эхэлнэ. Шүүхийн л асуудал хүлээгдээд байгаа” гэж өчигдөр /2024.02.22/ мэдэгдлээ. Гэтэл нураах захирамжтай байгаа "Авлига хороолол"-ын хоёр блок барилгад хэдийнээ захиалга аваад эхэлсэн талаар иргэд ярьж байгаа юм. Иймд бид тус барилгын маркетингийн албатай холбогдож барилгыг худалдан борлуулж байгаа эсэх болон метр.кв хэдэн төгрөгөөр зарж байгааг тодрууллаа. 

"Акуа гарден" хотхоны маркетингийн албаны ажилтан, "Манай барилгын метр.кв үнэ нь 4.8-5.6 саяын хооронд худалдаалагдаж байгаа. Ирэх хавар бүх блок барилга ашиглалтад орно. Урд талын блок барилгууд ч цуг ашиглалтад орно. Одоогийн байдлаар манай байгууллагатай холбоотой асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Гэхдээ эхний шүүхэд бид ялсан. Ганц байгууллага байгаад байгаа учраас төрөөс мөнгө төгрөг л салгах гээд байх шиг байна. Хэрвээ иргэд нүүж ороод нийтийн өмч болчихвол нураах талаар ярихгүй байх гэж бодож байна. Одоогоор 80 орчим хувийн дүүргэлттэй байгаа" гэлээ. Ийнхүү өнөөг хүртэл төрдөө дийлдэхгүй, түмэн олноос айхгүй байгаа "Эм энд Жи" констракшн "Авлига хороолол"-ынхоо барилгыг үргэлжлүүлсэр байгаа бөгөөд энэ хавар ашиглалтад орох гэнэ. Өөрсдийнх нь ярьж буйгаас дүгнэн үзвэл иргэдийг гялс оруулаад, өөрсдөө асуудлаас хурдхан холдох төлөвлөгөөтэй байгаа бололтой.