ШУУРХАЙ: Хүнд суртал гаргаж "Улаанбаатарын музей"-н засварын ажлыг замхруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох хүсэлтийг Ерөнхий менежер Ц.Төрхүүд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Хүнд суртал гаргаж "Улаанбаатарын музей"-н засварын ажлыг замхруулсан албан тушаалтанд хариуцлага тооцох хүсэлтийг Ерөнхий менежер Ц.Төрхүүд хүргүүлжээ

Бөхийн өргөөний баруун талд байх "Улаанбаатар хотын музей" нь гурван мянга гаруй үзмэртэй ч 100 орчмыг нь л дэлгэдэг, ариун цэврийн нэгдсэн системд холбогдоогүй, халаалтгүйн улмаас өвөлдөө хөлддөг бөгөөд барилгад засвар арчлалт хийгээгүйгээс хуучирч муудсан зэрэг асуудалтай билээ. Энд байх эд өлгийн зүйлс, үзмэрүүдийг өөд татаж, өнгө оруулдаггүй, музейн барилгыг эзэнгүй хаясан зэрэг шүүмжлэлийг нийслэлчүүд өнгөрсөн хугацаанд хэлж ирсэн. 

Тэгвэл 2023 онд тус музейн барилгын засварт зориулж 100 сая төгрөгийг Нийслэлийн ерөнхий менежерийн багцаас төсөвлөсөн ч ерөнхий менежерийн ажлын албаны нэг албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж засварын ажил хийгдээгүй байна. Тодруулбал, тус албан тушаалтан нь хүнд суртал гаргасны улмаас засварын ажил хойшилжээ. Тус албан тушаалтны дээрх үйлдэлд хариуцлага тооцохыг хүссэн албан бичгийг НИТХ-ын зарим төлөөлөгчөөс Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүд хүргүүлжээ. Харин бид энэ талаар Ц.Төрхүүгээс мэдээлэл авах гэхэд тодорхой хариулт өгсөнгүй. 

Эл байшингийн түүхээс дурдвал буриад худалдаачин, гүн Цогт Гармаевич Бадамжав өөрийн хөрөнгөөр бариулсан. Тэрбээр Судар бичгийн хүрээлэнгийн ажилтан, Шүүх яамны зөвлөх зэрэг албыг хашиж байгаад 1931 онд баривчлагдан 1937 онд ЗХУ-д буудан хороогджээ. Мөн уг байшинд 1921 оны 7, 8 дугаар сард МАН-ын Төв Хороо, Засгийн газар, Бүх цэргийн жанжин штаб байрлаж, нэг тасалгаанд нь жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан түүхтэй. Тэгэхээр тус музейг засварлаж, үзмэрүүдийг үзүүлэнд гаргаж чадвал Хотын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд хэлдэг билээ.