Ч.Өлзийбаяр: "Super bowl"-н үеэр Usher-ийн ард уран нугарч, Двейн Жонсонтой хамт "The rock" кинонд тоглосон анхны монгол уран бүтээлч болсон

Ч.Өлзийбаяр: "Super bowl"-н үеэр Usher-ийн ард уран нугарч, Двейн Жонсонтой хамт "The rock" кинонд тоглосон анхны монгол уран бүтээлч болсон

Энэ сарын 14-нд Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах нэр хүнд бүхий “Супер Боул” тэмцээн болж өнгөрсөн.Тус тэмцээний завсарлагаан дундуур гардаг “Halftime” шоунд дуучин Usher оролцсон бөгөөд ард нь монгол уран нугараачид үзүүлбэр үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

“Super bowl” бол АНУ-ын хамгийн олон үзэгчтэй телевизийн шууд дамжуулалт бөгөөд тус тоглолтыг дунджаар 123.4 сая хүн үзэж, дээд амжилт тогтоогоод байсан юм. Тэгвэл бид энэ удаад дэлхийн томоохон хэмжээний шоунд монголын язгуур урлаг болох уран нугаралтын үзүүлбэрээрээ гайхшруулсан Ч.Өлзийбаярыг онцолж байна. Тэрээр Netflix-н “Day shift” цувралд вампирын дүрийг бүтээж, алдарт жүжигчин Двейн Жонсонтой хамт “The rock” хэмээх кинонд дүр бүтээгээд амжсан чадварлаг нэгэн юм.

ВИДЕО: 

-USHER-Н ХАЖУУД ХЭНИЙ Ч ХИЙЖ ЧАДАХААРГҮЙ, МАШ ГАЙХАЛТАЙ ҮЗҮҮЛБЭР ГАРАХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗСЭНИЙ ДАГУУ БИДЭНД SUPER BOWL-Д ОРОЛЦОХ САНАЛ ТАВЬСАН-

-Юуны өмнө манай сайтын үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу, намайг Чимэдийн Өлзийбаяр гэдэг. Би АНУ-ын Лас Вегас хотод нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2020 онд нөхөртэйгээ хамтраад уран нугаралт болон тулааны урлаг заадаг “К стар академи”-г үүсгэн байгуулаад одоог хүртэл багшлаад явж байгаа.

-Super bowl шоунд оролцох болсон талаараа яриагаа эхэлье?

-Анх и-мейл хаягаа шалгаад үзтэл “та Super bowl-н үеэр Usher-н ард үзүүлбэр үзүүлж чадах уу” гэсэн утгатай мейл ирсэн байсан. Тухайн үедээ маш их баярлаж, догдолсон л доо. Их том боломж л гэж харсан даа. Яг яагаад уран нугаралтыг үзүүлэхээр болсон юм бэ гэхээр зохион байгуулагчид нь хэлэхдээ “Usher-г гарч ирэх үед хоёр талд нь хүн болгон чадаад байхааргүй, гэхдээ хүмүүс хараад гайхширахаар тийм үзүүлбэр хэрэгтэй” гээд бидэнд санал тавьсан юм билээ. Тэр ч утгаараа бид уран нугаралтынхаа спортод маш хүндэд тооцогддог элементүүдээ хийсэн. Яг шоуны үеэр үзүүлбэрээ үзүүлэхдээ маш их сандарч, хөл гар чичирж байсан. Яагаад гэвэл 65 мянга гаруй хүний орилж байгаа тэр энерги үнэхээр хүчтэй юм билээ. Үзүүлбэрээ үзүүлэх гээд гар дээрээ тулаад зогсоход хоёр гар тэр их хүмүүсийн энергинд хөдөлж байсан.

-НИЙТ 65 МЯНГА ГАРУЙ ҮЗЭГЧДИЙН ХҮЧТЭЙ ЭНЕРГИ ДУНД МАШ ИХ САНДАРЧ ҮЗҮҮЛБЭРЭЭ ҮЗҮҮЛЭХДЭЭ ХӨЛ, ГАР ЧИЧИРЖ БАЙСАН-

-Super bowl бол дэлхийн том одууд оролцдог, ирж үздэг бас хамгийн их үзэгчтэй нэр хүндтэй шоу шүү дээ. Энэ том шоуны нэг хэсэг болсон хүний хувьд шоуны талаар мэдээлэл өгөөч, хэр хугацаанд бэлтгэл хийсэн бэ?

-Шоунд оролцохын тулд нийт хоёр долоо хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн. Гэхдээ миний хувьд хоёр жил юм шиг их хүнд санагдсан. Яагаад гэвэл өдрийн 10-12 цаг тасралтгүй бэлтгэл хийж байсан. Тэнд байсан бүх уран бүтээлчид үнэхээр гайхалтай тууштайгаар бэлтгэл хийж байсан. Дуучин Usher хүртэл бидэнтэй хамт өдрийн 10-11 цаг дасгал, сургуулилтаа таслалгүй хийж байсан. Хоол хүнс, хангамжийн тал дээр ярилтгүй, үнэхээр супер байсан. Usher ч гэсэн бидэнтэй их дотно байж, үргэлж мэндэлж, биеийн байдлыг маань асууж, санал бодлоо чөлөөтэй солилцож байсан.

-Том одууд нь өөрсдөө үнэгүй ирж дуулдаг гэж сонссон?

-Тийм ээ, АНУ-ын хамгийн нэр хүндтэй , хамгийн том спортын шоу учраас томоохон одууд нь өөрсдөөсөө бүх зүйлээ гаргаж, их хариуцлагатай оролцдог юм билээ. Usher-н хувьд энэ жил шинэ цомгоо гаргаж байгаа учраас түүнийхээ сурталчилгаа болгож тус шоунд оролцсон юм билээ. Usher-г бэлтгэл хийж байх үеэр, мөн шоунд оролцож байх үеэр ч гэсэн харуул хамгаалалт маш сайн, мөн өөрт нь энерги хүч өгдөг тусдаа хүнтэй байсан. Тэр хүн нь байнга хүж асаагаад л , шашны зан үйл хийдэг юм байна лээ.

-USHER-Т ТУСДАА ХҮЧ, ЭНЕРГИ ӨГДӨГ ЮМ ШИГ ХҮН БАЙСАН. ҮРГЭЛЖ ХАЖУУД НЬ ДАГАЖ, ХҮЖ АСААН, ШАШНЫ ЗАН ҮЙЛ ХИЙЖ БАЙСАН-

-Өмнө нь ер нь иймэрхүү том хэмжээний шоунуудад оролцож байв уу?

-Би 2022 оны наймдугаар сард Netflix-н “Day shift” цувралд вампирын дүрийг бүтээсэн. Мөн 2023 онд алдарт жүжигчин Двейн Жонсонтой хамт "The rock"хэмээх зул сарын тухай кинонд дүр бүтээсэн. Та бүхнийг үзээсэй гэж хүсэж байна.

-Монгол нугараачдыг гадны улс оронд ямар байдлаар хүлээж авдаг вэ, их сонирхдог байх?

-Монгол уран нугараачдыг гадаадад маш их гайхаж, үнэлж хүлээж авдаг. Нуруу, биеэ халаах дасгал зэргээ хийж байхад бараг харж чаддагүй, их айдаг. Үргэлж зураг дардаг. Одоогоор уран нугаралт АНУ-д сайн хөгжөөгүй байгаа.

-Өөрийн тань хувьд анх хаана, яаж уран нугарж сурсан бэ? Уран нугаралтаар хичээллэхийн давуу тал болон хүнд хэцүү талыг нь хуваалцвал?

-Би анх таван настайдаа н.Норовсамбуу багшийнхаа удирдлаган дор нугарч сурч байлаа. Долоон настайгаасаа эхлэн Орос, Тайвань, Франц зэрэг орнуудад гэрээгээр очиж үзүүлбэр үзүүлдэг болсноос хойш олон улсад гарч нугарч эхэлсэн юм. Уран нугаралт, сунгалт бол хүний эрүүл явах нэг үндсэн гол хүчин зүйл юм болов уу гэж боддог. Харин хүнд тал нь биеэ сайн халаахгүй бол бэртэж, гэмтэх өндөр магадлалтай.

-Нийт дөрвүүлээ үзүүлбэр үзүүлсэн байсан шүү дээ. Бүгдээрээ монгол хүмүүс үү? Бусдыгаа танилцуулаач?

-Тийм ээ, бүгд монгол охидууд. Олдох, Золзаяа, Отгоо гэх гурван чадварлаг охидтой хамт үзүүлбэрээ үзүүлсэн. Тэр гурав маань Мексикт нугарч байгаад ирсэн охидууд л даа.

-Монголчууд та бүгдээр их бахархаж байгаа. Монголын язгуур урлаг уран нугаралтыг дэлхийд гаргаж, өндрөөр үнэлэгдэж байгаа та бүхэнд их баярлалаа. Монголчууддаа хандаж үг хэлээч?

-Намайг урьж ярилцсанд маш их баярлалаа. Монголын ард түмэн маань энэ Луу жилдээ эрүүл, энх сайн сайхан байгаасай гэж хүсэж байна. Монгол залуучууддаа хандаж хэлэхэд “битгий залхуураарай. Хүн хүсэх л юм бол бүх зүйл боломжтой шүү, та нар чаднаа” гэж хэлмээр байна.