ВИДЕО: ГССҮТ-ийн "эргэлт, уулзалт"-ын хэсэг орон гэргүй хүмүүсийн хоног төөрүүлдэг газар болж, хог хаягдлаар дүүрч, бохирджээ

ВИДЕО: ГССҮТ-ийн "эргэлт, уулзалт"-ын хэсэг орон гэргүй хүмүүсийн хоног төөрүүлдэг газар болж, хог хаягдлаар дүүрч, бохирджээ

Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуудал бий. Түүнээс эмнэлгийн орчин, үйлчлүүлэгчдийн тав тух номер нэгт бичигдэнэ. Гэвч манай улсын урдаа барьдаг томоохон эмнэлгүүдийн орчин нөхцөл төдийлэн сайн биш, бохир заваан байгаа нь одоог хүртэл асуудал болсоор байгаа юм.

Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг эмнэлгүүдийн орчин нөхцөл цаашлаад эргэлтийн хэсгүүд бохир, тав тухгүй байгааг иргэд, олон нийт шүүмжилсээр буй. Яарч сандарсан, өвдөж зовсон, хагалгаанд орсон гэх иргэд олноороо цугларах эмнэлгийн гол хэсэг бол эргэлтийн хэсэг. Гэвч ГССҮТ-ийн хувьд тус хэсэг орон гэргүй хүмүүсийн хоног төөрүүлдэг газар болж, хог хаягдлаар дүүрсэн талаарх мэдээлэл бидэнд ирсний дагуу тус эмнэлгийг зорьсон юм.

ВИДЕО: 

-ЭМНЭЛГИЙН ЭРГЭЛТИЙН ХЭСЭГТ ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮС ЦУГЛАРЧ АРХИ, ТАМХИ ХЭРЭГЛЭХ, ХЭРЭЛДЭЖ, ЗОДОЛДОХ АСУУДАЛ ГАРДАГ ГЭВ-

Хоногийн 24 цаг өвчтнүүдийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ хөл хөдөлгөөн ихтэй. Гадаа нь зогсоолын асуудлаас болж муудалцах иргэд, дотор нь мэдээллийн ажилтантай үл ойлголцон бухимдсан иргэдийн дүр зураг харагдана. Эмнэлгийн баруун талаар тойроод эргэлтийн хэсэг байх ба тус хэсгийн 5, 6 давхарт гарвал тамхины иш, усны сав, шуудайтай хог зэрэг зүйлс хөглөрсөн байдалтай, таагүй үнэртэй орчин биднийг угтав. Тус хэсэгт цэвэрлэгээ үйлчилгээ хийлгүй нэлээд удсан шинжтэй байгаа нь шавар шавхайнд бохирдоод хатчихсан шат, шатны бариул, цонхны хэсэг, хаалга зэргээс нь харагдана. Хагалгаанд орсон ар гэрийнхэнтэйгээ уулзахаар тасралтгүй цувах иргэд зарим нь ам хамраа дарсаар зөрөлдөнө. Учир нь тус хэсэгт орон гэргүй хүмүүс орж ирэн хоноглох, цаашлаад эмнэлгийн орчинд архи, тамхи хэрэглэх, хэрэлдэж, зодолдох зэрэг зүй бус үйлдлүүд гаргасаар байгаа талаар иргэд хэлж байв. Энэ нь өвчтэй нэгнээ харж, асарч, эргэлтийн хэсэгт цагийг удаан өнгөрүүлж байгаа иргэдийн хувьд маш таагүй, тухгүй байгааг ч хэлж байсан юм.

-ГССҮТ ӨНГӨРСӨН ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГАД ОЛГОГДДОГ “ISO 9001:2015-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” ГЭРЧИЛГЭЭГ АВЧ БАЙВ-

Э.Галбадрах захиралтай Гэмтэл согог судлалын үндэсний төв өнгөрсөн онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт шаардлагыг хангах, чанарын менежментийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн дагуу “ISO 9001:2015-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО” олон улсын стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээг гардан авч байсан юм. Гэвч тус эмнэлгийн эргэлтийн хэсэг нь эрүүл мэндийн байгууллагын чанар стандартын шаардлагыг төдийлэн сайн хангахгүй байгаа нь дээрх нөхцөл байдлаас харагдаж байлаа.

Бид энэ талаар ГССҮТ-ийн Аж, ахуй инженер техникийн албаны дэд захирал Б.Батзоригоос тодруулахад “Эргэлтийн хэсэг 24 цагаар онгорхой байдаг тул шөнө орой гудамжны хүмүүс орж ирээд байгаа тохиолдол гарсан. Тэр хүмүүс тус газрыг бохирдуулаад байгаа юм шиг байна. Түүнээс биш цэвэрлэгээг өдөр тутам хийдэг. Тухайн иргэдийг оруулахгүй байх тал дээр арга хэмжээ авах гэж байгаа. Манай иргэд ч гэсэн өөрсдөө ухамсаргүй тэнд тамхиа татаад байдаг юм шиг байна лээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.