ВИДЕО: Энэтхэгийн тэрбумтны хүүгийн зүүсэн “Richard Mille”-н бугуйн цаг Марк Цукербергийн анхаарлыг татжээ

ВИДЕО: Энэтхэгийн тэрбумтны хүүгийн зүүсэн “Richard Mille”-н бугуйн цаг Марк Цукербергийн анхаарлыг татжээ

Энэтхэгийн алдарт бизнесмэн, тэрбумтан, Форбес сэтгүүлийн нэрлэсэн баячуудын тоонд багтдаг Мукеш Амбанигийн хүү 28 настай Анант Амбанигийн хуримын өмнөх найр өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд сүр дуулиантай болж өнгөрсөн. Тус найранд уригдсан зочдын дунд Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Рианна зэрэг алдартнууд байсан нь дэлхийн нийтийг анхаарлыг татаад байсан. Мөн энэ үеэр алдарт дуучин Рианна бүрэн хэмжээний тоглолтоо үзүүлсэн.

Тэгвэл өчигдрөөс эхлэн цахим орчинд энэтхэгийн тэрбумтны хүүгийн зүүсэн бугуйн цагны талаарх мэдээлэл гарч эхэлжээ. Тодруулбал, түүний зүүсэн “Richard Mille” брэндийн цаг Марк Цукерберг болон түүний эхнэрийн анхаарлыг татаж, тэр талаараа ярьж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Тус бичлэгт Анант Амбанигийн зүүсэн цагийг Присила Чан заагаад “Таны зүүсэн цаг үнэхээр гайхалтай юм. Хэн үүнийг хийдэг вэ?” гэж асуухад Анант “Richard Mille” хэмээн хэлсэн байна. Харин Марк Цукерберг “Би хэзээ ч цаг сонирхож байгаагүй. Гэхдээ энэ цаг үнэхээр таалагдаж байна” гэж ярьжээ.

Анант Амбани энэ үеэрээ өөрийн зүүсэн цагаа яг аль загвар гэдгийг тодорхой хэлээгүй ч 18 каратын алт, очир алмазан хүрээтэй "RMS-10 Tourbillon Koi Fish" гэх загвар мөн гэдгийг "Daily mail" баталсан байна. "The New York Post" сонинд бичсэнээр энэ цаг нь ойролцоогоор 1 сая долларын үнэтэй гэнэ. Анант Амбани дээрх цагаас гадна "Richard Mille" брэндийн хоёр загварыг эзэмшдэг аж.

Дашрамд дурдахад, Энэтхэгийн тэрбумтны хүүгийн зүүсэн “Richard Mille” брэндийн тус цагийг Асашёорюү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг зүүсэн байсан нь өнгөрсөн сар шинийн баярын өдрүүдээр шүүмжлэл дагуулаад байсан. Тодруулбал, "Richard Mille" брэндийн 425 мянган ам.долларын үнэтэй RM 07-01 загварын бугуйн цагийг харсан иргэд "Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг бугуйндаа циркийг зүүсэн байна" хэмээн шүүмжилж байсан юм.