“IT Zone” компанийн хийж буй "Нийгмийн даатгалын цахим систем"-ийн шинэчлэл хэзээ дуусах нь тодорхойгүй болж, иргэд, аж ахуй нэгжүүд тайлангаа илгээж чадахгүй удаж байна

“IT Zone” компанийн хийж буй "Нийгмийн даатгалын цахим систем"-ийн шинэчлэл хэзээ дуусах нь тодорхойгүй болж, иргэд, аж ахуй нэгжүүд тайлангаа илгээж чадахгүй удаж байна

Манай улс 2020 оноос эхлэн “цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд төрийн байгууллагуудын цахим системийг шинэчлэх ажлыг зохион байгуулсаар байна. Гэвч иргэдийн хамгийн их үйлчилгээ авдаг Нийгмийн даатгалын цахим систем шинэчлэлт хийх нэрээр ажиллахгүй болсноор гурван сарын нүүрийг үзэж байгаа юм.

Энэ хугацаанд нийгмийн даатгалаас тэтгэвэр, тэтгэмж, лавлагаа үйлчилгээ авах олон мянган иргэд төрийн үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа талаараа цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсээр байна.

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ СИСТЕМ АЖИЛЛААГҮЙ БОЛСОН ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД, ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДСАН БОЛОН ХАВДАРТАЙ ИРГЭД, ААН, БАЙГУУЛЛАГУУД ГЭЭД ОЛОН МЯНГАН ИРГЭДИЙН АЖИЛ, АМЬДРАЛД ХҮНДРЭЛ ҮҮСЧЭЭ-

Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд, жирэмсний тэтгэмжээ авах гэсэн эхчүүд, хавдартай өвчтнүүд гээд олон мянган иргэд шаардлагатай үйлчилгээгээ авч чадалгүй хохирсоор байгаа юм. Дээрх шинэчлэлтийн ажлыг анх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийх болсон талаар холбогдох байгууллагууд мэдэгдэж байсан бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд төв болон орон нутгийн байцаагч, албан хаагчдад мэдээллийн шинэ системийг танилцуулах, дадлагажуулах, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр сургалт явуулж байв.

Үүний дараагаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус шинэчлэлтийн ажлыг албан ёсоор эхлүүлсэн ч одоогийн байдлаар цахим системийн ажиллагаа хэвийн байдалд шилжээгүй байна.

Бид энэ талаар Нийгмийн даатгалын олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Манайх иргэдээс орлого хуримтлуулаад зарлага болгож гаргадаг. Тус шинэчлэлтийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн ч зарлага болгож гаргадаг хэсэг дээрээ алдаа заагаад байгаа. Тиймээс цахим системийн шинэчлэлт яг хэзээ явагдаж дуусах, хэвийн байдалдаа орох эсэх нь “IT Zone” компаниас л шалтгаална” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

-“IT ZONE” КОМПАНИ 2019 ОНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ ШИНЭЧЛЭЛТИЙН СИСТЕМИЙГ ХИЙХ ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ-

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Нийгмийн даатгалын цахим системийг шинэчлэх ажлын тендерийг 2019 онд “IT Zone” компани авчээ. Тус компани нь гадаад худалдаа, компьютер, электрон тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, үйлдвэрлэл мөн мэдээллийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Өнгөрсөн хугацаанд БШУЯ, БОАЖЯ, АТГ, Барилгын хөгжлийн төв, Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудаас зарласан төсөв, тендерт удаа дараа шалгарч гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Тус компаний Гүйцэтгэх захирлаар У.Эрдэнэбямба, ТУЗ-ийн даргаар Н.Баттулга нар ажилладаг бөгөөд 17 хүн компаний хувьцааг эзэмшдэг байна. Олон төсөл дээр гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай компани гэхэд олон гурван сарын хугацаанд олон мянган хүний ажил амьдралтай холбоотой нийгмийн даатгалын цахим шинэчлэлтийн ажлыг гацааж буй нь харамсалтай. Бид цахим шинэчлэлтийн үйл явцын талаар тус компаниас тодруулах гэсэн боловч “нийгмийн даатгалын байгууллагаас тодруул” гэх хариултыг өглөө.

Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон “IT Zone” компаний зүгээс “даатгуулагчид шимтгэл төлөлтийн мэдээллээ гуравдугаар сарын 1-нээс харах боломжтой” гэж мэдээлж байсан ч одоогийн байдлаар тийм боломж үүсээгүй байгаа бөгөөд шаардлага тавьж буй иргэдэд “Нийгмийн даатгалын шинэчилсэн системийг төрийн мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбох ажил хийгдэж байна. Энэхүү системийн холболт хийгдсэнээр ажил олгогч, даатгуулагчдын 2024 онд төлсөн шимтгэлийн мэдээлэл “E-mongolia”-д орно. Даатгуулагч шиммтгэл төлөлтийн мэдээллээ харах, цахимаар авах боломжийг энэ оны 1 дүгээр улиралд багтаан бүрдүүлнэ” гэх хариултыг өгч байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө