ХОХИРОГЧ С: Ч.Ганхуяг нар нийслэлийн прокурорт нөлөөлж, намайг зодсон хэргээ шүүхэд шилжүүлэхгүй гацааж, ял завших гээд байна /ВИДЕО/

ХОХИРОГЧ С: Ч.Ганхуяг нар нийслэлийн прокурорт нөлөөлж, намайг зодсон хэргээ шүүхэд шилжүүлэхгүй гацааж, ял завших гээд байна /ВИДЕО/

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа, тэдний эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарал хандуулах учиртай юм. Энэ ч утгаараа бид "Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нарт зодуулж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод буй С гэх эмэгтэйтэй үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлаа. 

ВИДЕО: 

-Та “Ардын” гэх Ч.Ганхуягт зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон талаар өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Тус хэргийг хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа. Уг хэрэг аль шатандаа явж байна? 

-Тухайн үйл явдал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө “Хүүхдийн 100” гудамжинд байрлах “Zu” гэх бааранд болсон. Энэ өдөр нөхрийн минь төрсөн өдөр болж, бид найзуудтайгаа баяраа тэмдэглэхээр явж байсан юм. Ч.Ганхуяг нь бид нарыг тэр өдөр хориулаа явж байсан гэж ярьсан. Тэр бол худал. Надаас гадна хоёр эмэгтэй найз минь хамт явсан. Мөн нөхрийн найзууд байсан. Нийлээд 10 хүрэхгүй хүн л явсан. Юу болсон бэ гэвэл, тухайн үед манай эмэгтэй найз харихаар болж би гаргаж өгөхөөр хамт баарны доод давхар уу буусан. Тэндээс би найзыгаа явуулаад буцаж баар руу орж текний наана байрлах ширээнд нөхрийнхөө найзуудтай хэсэг суугаад нөхөр рүүгээ явсан. "Zu" баарны бүжгийн талбай, тек нь жижиг нарийн коридороор холбогддог. Тэр коридороор нөхөр рүүгээ явж байтал гэнэт хүмүүс намайг шахаад. Юу болоод байна гэж хартал хоёр залуу зодолдож байсан. Зодолдож байсан залуусын нэг нь манай найз байхаар нь салгах гэж оролдоод дийлээгүй. Тэгэхээр нь буцаж гүйж текний ширээнд сууж байсан найзууд дээрээ очоод "Цаадах чинь хүнтэй зодолдоод байна” гэж хэл дуулгасан. Манай найзууд ч очоод зодооныг салгасан. Би зодуулсан найзаа авч гарч агаар амьсгуулахаар түшээд явж байтал гэнэт нэг залуу гарч ирж биднийг шахаад "Чи юу юм. Хэн юм бэ" зэргээр хэлээд мөргөж, өшиглөсөн. Тэр үйлдлийнх нь хариуд би "Чи цаашаа болооч" гээд гараараа цээж рүү нь түлхсэн. Гэтэл үг дуугүй шууд барьж явсан усны шилээрээ миний нүүр рүү цохьчихсон.

-Тэгээд яг юу болсон вэ. Энэ талаар дэлгэрэнгүй яриач?

-Цохиулсныхаа дараах хэсэг үйл явдлыг би санахгүй байгаа. Ухаан ортол цустайгаа хутгалдчихсан, шүд хугарсан байсан. Доод уруул язарч ангайгаад цус гоожсон. Тэгээд хамгийн эхэнд бүжгийн талбайд бүжиглэж байгаа нөхөр рүүгээ очсон. Манай нөхөр намайг хараад “Хэн чамайг ингэсэн юм бэ” гээд уурлаж нөгөө залуутай барьцалдаж аваад газар унасан. Тэр үед хоёр, гурван залуу нийлж манай нөхрийг цохиод байсан. Тэнд Ч.Ганхуяг гэх хүн байсан. Тэд манай нөхрийн хаа сайгүй цохисон. Би "Болиоч ээ. Хүний нөхөр аллаа" гээд зууралдаад, зулгаагаад татаад нэмэр байгаагүй. Тэгж байтал хамгаалагч ирээд Ч.Ганхуяг гэх хүнийг хоёр гараас нь хойш нь татсан. Гэтэл Ч.Ганхуяг гэдэг хүн босож ирээд л шууд миний зүүн нүд рүү цохисон. Нүдэнд оч манараад л явчихдаг юм билээ. Тэгээд би хэсэг текний ширээн дээр очиж сууж тайвширсан.

-Ч.Ганхуяг энэ талаар лайв хийхдээ ОО-ын өрөөнд зодоон болсон гэдэг зүйл яриад байсан шүү дээ?

-Ч.Ганхуягийн миний тухай ярьсан лайвыг би үзсэн. Тэгэхэд "10 залуу, 10 бүсгүй явж байгаад намайг харж олзуурхаад дайрсан" гэж хэлж байна лээ. Мөн тэрбээр дүү нь 00 өрөөнд зодуулж байхад нь өөрөө очиж салгасан гэсэн байсан. Тийм зүйл огт болоогүй. Бичлэг нь бий. Бичлэгийг нь үзвэл дайраад, хувцас хунараа ураад аймар байгаа юм. Хамт явсан эмэгтэй нь ч Ч.Ганхуягийн гараас татаад байхад зүгээр болоогүй. Тэгснээ элдэв хараал хэлж, бидэн рүү дайраад, манай нөхрийг "Шалдан банди минь насаар чинь шоронд суулганаа" гэх мэтээр харааж байсан. Та бүхэн боддоо. Эхнэрийнх нь шүдийг цөм цохиод гэмтээчихсэн байхад манай нөхөр тайван байх уу. Миний хувьд нөхрийгөө тас зуураад салгаж авч явж доош буусан. Тэгээд манай найз цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг болон анх шилээр цохиж гэмтээсэн залуутай хамт Сүхбаатар дүүргийн цагдаа руу авч явсан.

-Уучлаарай анх шилээр цохисон залуутай та хэд маргаагүй юм байна шүү дээ. Яг яагаад цохисон гэж хардаж байгаа вэ?

-Яагаад гэдгийг би ойлгоогүй. Хэрвээ маргалдсан бол би цохиж магадгүй гээд ам, хамраа хамгаалах байсан. Тэр залууг өмнө нь харж байгаагүй, хаанаас гарч ирснийг нь ч мэдээгүй. Гэнэт л цохисон. Их том биетэй залуу духаараа мөргөөд л элдвээр хэлээд байсан. Тэгээд шууд цохисон. Тухайн үед нэг охин хараад зогсож байсан учраас дараа нь надтай хамт гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Тэр охин ч "Би яагаад цохисныг нь мэдэхгүй. Маргаагүй байхад цохисонд нь гайхсан" гэж хэлсэн.

-Таныг усны шилээр цохисон залуу Ч.Ганхуягтай хамт явж байсан юм болов уу. Түүнтэй холбоотой хүн байсан юм уу?

-Сүүлд Ч.Ганхуягийн хүргэн, "Ард" компанид хариуцлагатай албан тушаал хашдаг хүн гэж сонссон. Яахав, Ч.Ганхуяг гэдэг хүн тухайн үед дүү нь намайг цохисныг мэдээгүй байж болно. Гэхдээ хэрэг болоод 1.6 жил өнгөрсөн байхад одоо мэдээгүй байна гэж байхгүй шүү дээ. Өөрийг нь яллагдагчаар татаад хэргийн материалтай танилцуулсан байхад хүргэн нь намайг цохисныг мэдээгүй байна гэж байхгүй. Гэтэл Ч.Ганхуяг мэдүүлэг өгөхдөө "Хүргэн нь намайг цохисныг огт мэдээгүй, 10 залуу 10 бүсгүй нийлж намайг зодсон" гэж мэдүүлсэн байна лээ. Камерын бичлэгээр манай нөхөр болон найзууд Ч.Ганхуягт гар хүрээгүй нь нотлогддог. Бичлэгийг анх хэрэг хүлээж авсан цагдаатай хамт бид нар сууж үзсэн. Бүх талын бичлэгийг үзсэн. Тэгэхэд Ч.Ганхуяг гэдэг хүн л намайг цохиж унагаж, манай нөхрийг зодсон байдаг. Манай найз охиныг ч түлхэж унагасан байсан.

-Үүнээс болж танд ямар гэмтэл учирсан бэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтэл тогтоогдсон болов уу?

-Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн нүдний зөөлөн эдийн гэмтэлтэй, хөхрөлттэй, няцралттай арьс язарсан гэж гарсан. Мөн долоон шүд цохигдсоны дөрөв нь хугарсан, хугарсан дөрвийн нэгийг бүтэн авхуулсан тухай ч бий. Доод талын шүднүүдийн тухайд хөндүүртэй хөдөлсөн байж байгаад яваандаа гайгүй болсон. Би арванхоёрдугаар сарын 04-ний өдөр үйлчлүүлдэг эмнэлэгтээ очиж янзлуулсан. 20 гаруй настай эмэгтэй хүн яаж шүдгүй явах билээ. Дараа нь 2023 оны нэгдүгээр сарын 01-ний үед нэг шүдний түүшин яс хугарч, харлаж идээлсэн байсныг Солонгост очиж эмчлүүлсэн. Тэнд шүдийг маань авсан. Ингээд зүгээр байсан шүдээ зоруулж дөрвөн бүрээс хийлгэсэн. Одоогийн байдлаар миний хувьд шүдээ эмчлүүлэх гэж Солонгос руу гурван удаа яваад байна.

-Хамгийн сүүлд нэлээд хүнд хагалгаанд орсон байсан. Энэ талаар яривал?

-Үүдэн шүд ёзоороороо байхгүй болохоор буйлыг нь ухаад авсан юм шиг дотогшоо хонхойчихдог юм байна лээ. Тэгж удаан явахаар нүүрний баруун, зүүн хэм алдагдаад далийгаад эхэлдэг юм билээ. Тиймээс энийг нөхье гээд Монголд үзүүлдэг байсан шүдний эмнэлэгтээ хагалгааны цаг товлоод, 2023 оны аравдугаар сарын 25-нд буйлыг гаднаас нь онгойлгоод яс нэмүүлээд буцаагаад хаалгуулсан. Одоогоор бас бүрэн эдгээгүй байгаа. Эдгэрэлт нь нэлээн удаан явагддаг юм байна лээ. Энийг ингэж хийлгэснээс болоод Солонгост хийлгэсэн кровн миний буйланд таарахгүй, зайтай байгаа учраас дахиж авхуулаад янзлуулна гээд эдгэлтийг нь хүлээгээд байж байна.

-Таны биед халдаж, хохирол учруулсан Ч.Ганхуяг нар нар нь хэрэг болсноос хойш тантай ер нь холбогдсон уу?

-Тухайн үедээ хэрэг болсны дараа 2-3 долоо хоногийн дараа нүүр рүү шилээр цохисон залуутай өмгөөлөгч нартайгаа хамт нэг удаа л уулзсан. Тэр үед "Намайг санамсаргүй байдлаар цохисон. Бараг эвшээж байхад миний гарт цохиулсан" гэж манай нөхөрт хэлсэн байсан. Би тухайн өдөр ажилтай байсан учраас уулзах цагаас нь 30 минут хоцроод араас нь орсон юм. Тэгж уулзахдаа би тухайн залуугаас “Би чамаас ганцхан зүйл асууя. Чи яагаад намайг цохисон юм гэж асуусан". Гэтэл миний энэ асуултад хариулаагүй, дуугараагүй. 

Харин Ч.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаагүй, холбоо бариагүй. Хэрэг болоод хоёр, гурав хоногийн дараа Ч.Ганхуягийн өмгөөлөгч гээд хоёр хүн манай өмгөөлөгчтэй холбогдсон байдаг. Тэдний үйлчлүүлэгч Ч.Ганхуяг гэдэг хүн манай нөхөрт зодуулж, баруун гарын хурууны үенүүд нь хугарсан гээд өөр дээрээ хөнгөн зэргийн гэмтэл тогтоолгоод цагдаад өгсөн байсан. Гэтэл миний нөхөр Ч.Ганхуяг гэдэг хүнд хуруугаа ч хүргээгүй гэдэг нь камерын бичлэгээр нотлогддог. Яах вэ дайрахын хувьд дайрсан. Хамгаалагч нар, мөн найзууд нь байсан учраас манай нөхрийг бариад Ч.Ганхуяг гэдэг хүнд хүргээгүй. Цагдаагийн байгууллагаас Ч.Ганхуягийн гэмтлийг хохирогч С-д гэмтэл учруулахдаа өөрөө өөртөө учруулсан гэмтэл байна гээд хэрэг нээхээс татгалзаж, хаасан байдаг юм.

-Уучлаарай тэгэхээр Ч.Ганхуягийн өмгөөлөгч нар чухам юу гэж танай өмгөөлөгчтэй холбогдсон байдаг юм бэ. Үүнийг жаахан тодруулаач?

-Тэд Ч.Ганхуяг дээр гаргасан гомдлоо татчих. Тэгвэл С-ын нөхөр дээр гаргасан гомдлоо татъя. Тэгээд та нар манай дүүтэй учраа ол гэсэн байдалтай уулзсан байсан. Түүнийг нь манай өмгөөлөгч зөвшөөрөөгүй. Түүнээс хойш дахин уулзаагүй. 

-Одоо энэ хэрэг ямар шатандаа яваа бол. Нэлээд хэдэн сарын өмнө хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн санагдаж байна? 

-Би хууль хяналтын байгууллагыг энэ хэргийг хууль журмынх нь дагуу шийдээд өгөх байх гэж найдаад хэргийн талаар огт дуугараагүй. Гэтэл хэргийн бүх бичлэг нь хяналтын камерт бичигдсэн маш тодорхой хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэхгүй олон дахин буцааж, яллах дүгнэлтийг хүчингүй болгоод байгаад үнэхээр гайхаж байна. Би сүүлд хэргийн материалтай танилцахад Ч.Ганхуяг гэдэг хүн бүх шатны хуулийн байгууллагад миний нэр дээр гомдол гаргасан байсан. Товчхондоо энэ хүн хэргийг шүүхэд шилжүүлэхгүйн тулд энэ мэтээр хугацаа хожиж байна гэж харсан.

-Энэ хэрэг дахин сунжирч, яллах дүгнэлтийг буцааж, дахин шинжээч томилох шийдвэрийг Нийслэлийн прокурор гаргаад байгаа гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулаач?

-Уг нь дүүргийн прокуророос өнгөрсөн 12 дугаар сард шүүх рүү шилжүүлэхээр яллах дүгнэлтээ үйлдсэн байсан. Гэтэл нийслэлийн прокуророос уг яллах дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шинжээч томилох шийдвэр гаргасан байна. Магадгүй үүнд нь Ч.Ганхуяг гэдэг хүн нөлөөлөөд байна уу гэх хардлага төрж байгаагаа нуухгүй ээ. Үнэхээр гомдолтой байна. Энэ бүхний дараа хохирогч болоод байгаа би болон манай нөхөр Ч.Ганхуяг нарыг зодсон болж, тэдэнд гэмтэл учруулсан болж, хэрэг нь тэс өөр хэрэг болж хувирах вий гэсэн болгоомжлол ч байна. 

-Танд хөнгөн болон хүнд гэмтэл учруулж яллагдагчаар татагдаад байгаа Ч.Ганхуяг нар нь таны хохирлыг барагдуулж байгаа юу? 

-Би эхнээсээ л хэлж байсан шүү дээ. Уучлаарай би Ч.Ганхуяг гэдэг хүнээс 1000 төгрөг ч авахгүй ээ гэж.  Харин намайг шилээр цохиж, хүнд гэмтэл учруулсан түүний дүүгээс бүх хохирлоо нэхэмжлэх болно. Үүнийгээ ч хэлсэн. Эцэст нь хэлэхэд мөнгөтэй бол хүнийг яаж ч гэмтээсэн уг хүний буруу биш болоод дуусгаж болдог юм байна гэдгийг биеэрээ мэдрээд явж байна. Би хангалттай хохирсон. Энэнээс илүү дахиж хохирмооргүй байна. Тиймээс Нийслэлийн прокурорын газрын дарга гэж хүн байвал миний хэрэг ийм ойлгомжтой хэрэг учраас аль болох хурдан шийдээд, энэ хэргийг нэг талд нь гаргаад өгөөсэй гэж хүсэх байна.