Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо

Швед улс НАТО байгууллагын 32 дахь гишүүн боллоо

Швед улс НАТО байгууллагын албан ёсны гишүүн болох хүсэлтээ хоёр жилийн өмнө гаргасан. 2022 оны хоёрдугаар сард Украины нутаг дэвсгэрт Оросын цэрэг халдан довтолсон нь төвийг сахих уламжлалт гадаад бодлоготой Швед улсын байр суурийг эрс өөрчлөгдөхөд хүргэсэн юм. Тэгвэл тус улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын 32 дахь гишүүн болжээ.

Энэ талаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр твиттер хуудсандаа Швед улсын чадварлаг арми, нэгдүгээр зэрэглэлийн батлан хамгаалах аж үйлдвэр тус байгууллагыг улам хүчирхэг, аюулгүй болгож байгааг сайшаажээ. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “Манай шинэ холбоотон Шведтэй хамт НАТО хойч үеийнхээ эрх чөлөө, ардчиллын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно” гэж мэдэгдсэн бол Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Европын бас нэг улс Оросын түрэмгийллээс илүү сайн хамгаалагдлаа” гэж Шведийн гишүүнчлэлийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна.

НАТО-д шинэ гишүүн элсэхийн тулд бүх гишүүн орнууд дэмжсэн тогтоол гаргах ёстой байдаг. Швед нь сүүлийн 200 жил эвсэлд үл нэгдэх гадаад бодлогыг тууштай сахисан улс. Шведтэй зэрэг хүсэлтээ гаргасан Финланд улс өнгөрсөн оны дөрөвдүгээр сард НАТО-гийн 31 дэх гишүүн болсон юм.

 




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө