Технологийн компаниуд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглахаа илэрхийлжээ

Технологийн компаниуд хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглахаа илэрхийлжээ

"OpenAI”, “Salesforce” зэрэг технологийн компаниуд хиймэл оюуны хүн төрөлхтөнд үзүүлэх ашиг тусыг нэмэгдүүлж, аюул эрсдэлийг бууруулахын төлөө ажиллаж, хамтран хариуцлага хүлээхээ амласан албан захидалд гарын үсэг зурсан байна.

“Хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад хиймэл оюун гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн нэг байна” хэмээн “OpenAI” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтмэн тодотгожээ. Тэрхүү захидалд “Hugging Face”, “Scale AI” зэрэг бусад стартапууд, технологийн компаниуд гарын үсэг зурж, нэгдэхээ илэрхийлсэн байна. Захидлыг венчур хөрөнгө оруулагч Рон Конвей болон түүний “SV Angel” компаниас санаачилжээ. Үүнд хиймэл оюуны нийгэм дэх нөлөөг цаасан хэвлэл, уурын зуухны хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч, интернэт зэрэг хүн төрөлхтний бусад түүхэн ололтуудтай ижил түвшинд авч үзжээ. Харин “Хиймэл оюуны хүн төрөлхтөнд авчрах сайн болон саар үр дагаврыг хэрхэн тэнцвэржүүлэх нь хүмүүсийн энэ хугацаан дахь сэтгэл, үйлээс шалтгаална” хэмээсэн аж. Өнгөрсөн тавдугаар сард Сэм Олтмэн тэргүүтэй технологийн компаниудын удирдагчид хиймэл оюун хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй гэсэн анхааруулга захидал хүргэж байсан юм.