ШУУРХАЙ: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Дотоод хяналтын багийн дарга Д.Ган-Эрдэнийг "Төрийн нууцыг үрэгдүүлсэн" хэргээр өнөөдөр шүүнэ

ШУУРХАЙ: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын Дотоод хяналтын багийн дарга Д.Ган-Эрдэнийг "Төрийн нууцыг үрэгдүүлсэн" хэргээр өнөөдөр шүүнэ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.03.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр болохоор товлогдсон байна.  

Д.Ган-Эрдэнэ нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа дээрх хэрэгт холбогдсон байдаг. Тиймээс Тагнуулын байгууллагаас Д.Ган-Эрдэнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар Нийслэлийн прокурорын газраас тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсэг буюу Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан юм.

Харин шүүхээс тус хэргийг "маш нууц" хэмээн хаалттай шүүхээр болсон байдаг. 

Тус хэргийг шүүх хурал тодорхой шалтгаануудын улмаас нэлээд олон удаа хойшилж байсан юм. Тиймээс өнөөдөр болох шүүх хурлаар шийдвэр гарч магадгүй байна. Тус хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа шүүх бол улсын яллагчаар Нийслэлийн прокурор У.Анхжаргал, өмгөөлөгчөөр Т.Багахүү нар оролцох аж. Харин хохирогчоор Д.Золзаяа, Б.Энхжаргал, Б.Ойдов гэх хүмүүс тогтоогдсон байна.  

Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Хамгийн хачирхалтай нь Төрийн нууц задруулсан хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байгаа тэрбээр өдгөө Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа нь анхаарал татаж байгаа юм.