В.Путин зэрэг дөрвөн хүн өрсөлдөх ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-ны өдөр болно

В.Путин зэрэг дөрвөн хүн өрсөлдөх ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-ны өдөр болно

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болно. Гадны хэвлэлүүд энэ сонгуулийг ялагч нь тодорхой сонгууль хэмээн дүгнэж буй.

Учир нь энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нэр дэвшихээр болсон. Мөн Леонид Слуцкий, Владислав Даванков, Николай Харитонов нар нэр дэвшиж байна. Леонид Слуцкий нь Оросын либерал, демократ намыг төлөөлөн сонгуульд оролцоно. Тэрбээр анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байгаа бөгөөд 2000 оноос хойш Төрийн думын гишүүнээр сонгогдож, одоогийн байдлаар Төрийн думын олон улсын харилцааны хорооны даргын албан тушаал хашиж байгаа юм. Николай Харитонов нь ОХУ-ын Коммунист намыг төлөөлнө. Тэрбээр 1994 оноос хойш Төрийн думын гишүүнээр удаа дараа сонгогдсон бөгөөд одоогоор Думын Бүс нутгийн бодлого, Хойд нутаг болон Алс дорнодын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байна. Өмнө нь 2004 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, сонгогчдын 13,69 хувийн саналаар хоёрдугаарт бичигдэж байсан. Владислав Даванков нь “Шинэ хүмүүс” намын төлөөлөгчид 2021 онд Төрийн думд сонгогдож байсан. Одоогийн байдлаар Думын дэд дарга, төсөв, татварын хорооны гишүүнээр ажиллаж байна. 

Мөн нэр дэвшихээр горилсон хүмүүсийн дотроос Украины дайныг эсэргүүцэж буй Борис Надеждин ихээхэн анхаарал татаж байсан ч ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хорооноос нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулахад алдаа дутагдал илрүүлсэн гэх шалтгаанаар түдгэлзүүлсэн байдаг.