Танзания улсад яст мэлхийний мах идсэн найман хүүхэд нас баржээ

Танзания улсад яст мэлхийний мах идсэн найман хүүхэд нас баржээ

Зүүн Африкийн Танзания улсын хагас автономит бүс болох Занзибарын Пемба арал дээр далайн яст мэлхийний мах идсэний улмаас найман хүүхэд, нэг том хүн нас барж мөн 78 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж эрх баригчид Бямба гаригт мэдээлжээ.

Далайн яст мэлхийний махыг Занзибарт “амттан” гэж үздэг ч энэ нь үе үе хүнсний хордлогын төрөл болох “chelonitoxism”-г үүсгэн, нас барах тохиолдол гардаг байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт мөн адил хоёр том хүн нас барсан ба нэг нь өөд болсон найман хүүхдийн нэгнийх нь ээж байжээ. Мкоани дүүргийн эмнэлгийн доктор Хажи Бакари энэ талаар “нас барсан хүмүүс далайн яст мэлхийний мах идсэн бөгөөд  бүгд хоолны хордлого болсон мөн лабораторийн шинжилгээгээр яст мэлхийний мах идсэн гэдэг нь батлагдсан” гэж мэдэгджээ.

Дээрх харамсалтай хэрэгтэй холбогдуулан Занзибарын эрх баригчид гамшгаас хамгаалах багийг тус арал руу илгээж, хүмүүсийг далайн яст мэлхийний махыг хүнсэнд хэрэглэхээс зайлсхийхийг уриалаад байна. Пемба хотод  2021 оны арваннэгдүгээр сард  мөн гурван настай хүүхэд яст мэлхийний мах идсэний улмаас нас барж байсан харамсалтай тохиолдол гарч байсан юм.

Эх сурвалж: The Guardian