СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хүүг чинь гэгээнтэн болгоно" гэсэн үзмэрчид 63 сая төгрөгөө луйвардуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хүүг чинь гэгээнтэн болгоно" гэсэн үзмэрчид 63 сая төгрөгөө луйвардуулжээ

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургалтын ... тоотод оршин суугч чулуугаар мэргэлдэг Ц гэх 55 настай эмэгтэй бусдыг луйвардан 63 сая төгрөгөөр хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, М гэх иргэн өөрийн хөгжлийн бэрхшээлтэй, хэл ярианы асуудалтай хүүгээ тухайн үзмэрч эмэгтэйд үзүүлэх гэж ирэх үед нь "танай хүү гэгээнтэн болох юм байна. Гэгээнтэн болвол бие нь эдгэрч хэвийн болно. Гэгээнтэн болгохоор гаднаас ирсэн хүмүүсийн байр, хоолны зардалыг чи хариуцах шаардлагатай. Хүүхэд чинь гэгээнтэн болвол чи олон улсын байгууллагын захирал болно" гэх мэт худал зүйлсийг хэлэн удаа дараа мөнгө авч байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн "надаар үйлчлүүлдэг УИХ-ын нэг гишүүн чамайг заяаны ханиа гэж хэллээ, чиний дугаарыг надаас асуусан" гэх мэт зүйлс хэлж хуурч байсан байна.

Үүнээс гадна хохирогч М-ийн таван сая төгрөгний үнэ бүхий алмазан бөгжийг зарж өгнө хэмээн хууран мэхлэх замаар өөрийн болгожээ. Дараа нь хохирогчийг бөгжөө зарсан эсэхийг лавлахад "чамд энэ бөгж таарахгүй, хэл ам дагуулах юм байна" гэсэн хариу өгчээ. Энэ мэтчилэн хохирогч М-ээс хууран мэхэлж авсан мөнгө 63 саяд хүрсэн байна.

Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.