"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр агсан олон тэрбумаар үнэлэгдэх виртуал хөрөнгийнхөө мэдээллийг хэнд ч үлдээгээгүй байж магадгүй байна

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр агсан олон тэрбумаар үнэлэгдэх виртуал хөрөнгийнхөө мэдээллийг хэнд ч үлдээгээгүй байж магадгүй байна

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярыг өнгөрсөн оны есдүгээр сарын 17 /2023.09.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор автомашиндаа нас барсан байхад нь олдсон байдаг. Тиймээс хуулийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөх байгууллагаас техникийн шинжээч томилон шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Талийгаач Б.Эрхэмбаяр нь олон тэрбум төгрөгийн хохиролтой байж болзошгүй койны хэргээр компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн хамтаар хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа таалал төгссөн юм. Тиймээс ч хуулийн байгууллагаас түүний таалал төгссөн асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. 

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр агсны таалал төгссөн хэрэг нэлээд ээдрээ төвөгтэй, анхаарал татаж байгаа аж. Учир нь хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэй байсан тэрээр койн, хувьцаа зэрэг олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх виртуал хөрөнгө эзэмшдэг байжээ. Гэсэн ч эдгээрийнхээ холбогдох мэдээлэл /нэвтрэх: user name, password байж магадгүй/-ийг ойр дотныхоо хүмүүст хэлж үлдээгээгүй байж магадгүй байгаа аж. Энэ нь түүнийг амиа егүүтгээгүй, харин ямар нэгэн байдлаар эрсдэлд орсон байх магадлалтай хэмээн хардахад хүргэж байгаа аж.

Тиймээс ч уг хэргийг хуулийн байгууллагаас "амиа егүүтгэсэн" хэмээн хаахгүйгээр шалгах шалтгаан болж байж болзошгүй байна. Ямартай ч Б.Эрхэмбаяр агсны таалал төгссөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нарыг койны хэргээр шалгаж цагдан хорьж байгаад Монгол Улсын хилээр гарахыг нь хориглож, компанийн хувьцаа эзэмшигч нарыг хоорондоо уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн байдаг. Харин Б.Эрхэмбаяр агсныг таалал төгссөний дараа тэд "талийгаачийн буяны ажилд оролцохын тулд тодорхой хүнтэй уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх"-ээр шүүхэд хандаж, шүүх тэдний хүсэлтийг хангасан байдаг. Өдгөө тэднийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа юм.