Ш.Оргилын хэргээс улбаатай А.Энхбат нарын хэргийг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Ш.Оргилын хэргээс улбаатай А.Энхбат нарын хэргийг давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн ч тун удалгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух Ерөнхий консул болсон байдаг. 

Тэгвэл Ш.Оргилтой хамт яллагдагчаар татагдаад байсан тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү, өдгөө тус аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж буй, өмнө нь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга асан, дэд хурандаа С.Батжаргал, “Эко петролиум” ХХК-ийн захирал Г.Баттулга нарын хэргийг өнөөдөр Сэлэнгэ аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр товложээ. 

Уг хэргээс Ш.Оргил болон Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж нарын үйлдлийг тусгаарлаад байгаа. Учир нь Ш.Оргил гадаадад Ерөнхий консулаар томилогдсон бол А.Бямбадорж нь Австрали руу гэр бүлээрээ явсан байдаг. Гэхдээ Засаг дарга асан Ш.Оргил хэд хоногийн өмнө эх орондоо ирж Сэлэнгэ аймгийн хууль хяналтын байгууллагынхантай уулзаж яваа гэх мэдээлэл бий. Дээр нэр дурдсан албан тушаалтнууд улсын орлого болгосон дэрвэгэр жиргэрүүг Ш.Оргилын найз Г.Баттулгын “Эко петролиум” ХХК-д давуу байдал олгон худалдсан хэрэгт холбогдсон байдаг. Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нар ажилтнуудынхаа хураасан дэрвэгэр жиргэрүүг хуулийг дагуу шийдвэрлэх ажлын хэсгийн гишүүн, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч А.Бямбадорж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Батжаргал нарт нөлөөлж, дээрх компанийг тендерт шалгаруулсан байдаг. Тус компани нь байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж бөгөөд Ш.Оргилын дэмжлэгээр ийнхүү дэрвэгэр жиргэрүү худалдан борлуулах тендерт ялснаар орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдсан юм.

Тэдэнд холбогдох хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч хууль хяналтын салбарт нэгэн үед ажиллаж байсан албан тушаалтнуудынхаа хэргийг шүүгч нар нь шийдвэрлэлгүй, үл ялих шалтгаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Үүнийг нь прокурорууд эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнөөдөр хэлэлцэхээр болжээ.