Согтуудаа мэсээр хүүхдээ гэмтээсэн иргэнийг 600 мянган төгрөгөөр торгожээ

Согтуудаа мэсээр хүүхдээ гэмтээсэн иргэнийг 600 мянган төгрөгөөр торгожээ

Иргэн Ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө өөрийн төрсөн хүү болох Х-г “ээжийгээ олж ир, чи том болжээ” гэх шалтгаанаар маргалдаж, зүүн мөр хэсэгт хутгалжээ.

Шүүхээс Ж-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцав. Улмаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.  Насанд хүрээгүй хохирогч Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байна.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
 
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх