Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан баталсан 49 дүгээр тогтоол, 22 дахь илтгэлтэй холбогдуулан баталсан 35 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээг ХЭҮК-оос танилцууллаа.
21 дэх илтгэлд,
- Ковидын цар тахлын үеийн хүний эрх, эрх чөлөө;
- Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх;
- Хүүхдийн эрх хамгаалал;
- Цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчил;
- Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт;
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар тусгасан бөгөөд энэ хүрээнд 49 дүгээр тогтоолд зургаан зүйл, 17 заалтыг тусгаснаас хэрэгжих шатандаа байгаа 11, хэрэгжээгүй хоёр, хэрэгжилт хангалтгүй хоёр заалт байна.
Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, УИХ-ын 49 дүгээр тогтоолоор унаач хүүхдийн эрхийг хангах, хамгаалах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгаснаар хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн тодорхой ахиц дэвшил, үр дүн гарсан байна.
Тухайлбал “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ыг шинэчилж, “13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал"-ийг баталсан. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, албадан хөдөлмөрлүүлэх гэмт хэргийн шинжийг нарийвчлан тусгасан.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээн зохион байгуулахгүй байх, зохион байгуулж буй эсэхэд хяналт тавих, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох зэргээр хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна гэв.
Харин 22 дахь илтгэлд
- Халдашгүй чөлөөтэй байх эрх,
- Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт,
- Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал,
- Хүүхдийн эрхийн зарим асуудал,
- Ахмад настны эрхийн хэрэгжилт,
- Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт,
- Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаар тусгажээ.
35 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухайд мөн тодорхой ахиц дэвшил гарсан бөгөөд үүний нэг нь төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн явдал юм. Энэ талаар Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалин өнгөрсөн оны долоодугаар сарын 1-ээс 26-31 орчим хувиар, төрийн мэргэжлийн үйлчилгээ буюу шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл, биеийн тамир, спортын салбарын албан хаагчдын цалин дунджаар 40-50 хувиар тус тус нэмсэн.
Мөн төрийн захиргааны албан хаагчдын доод цалин 30 орчим хувиар, төрийн тусгай албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг арилгаж , цалингийн доод хэмжээ 717 мянган төгрөгөөс нэг сая төгрөг болж нэмэгдсэн.
Түүнчлэн ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин 10 хувиар, хөдөө орон нутаг буюу суманд ажиллаж байгаа төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдын цалин 40 хувиар, аймгийн төвийн сум болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа дээрх ангиллын албан хаагчдын цалин 20 хувиар тус тус нэмэхээр Засгийн газрын төсөвт суулгасан.
Энэ нь зөвхөн цалин нэмэгдэж байгаа мэт боловч нөгөө талаараа тэдний ар гэрийн аж амьдрал, эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлэх өргөн хүрээний ач холбогдолтой шийдвэр болсон гэж үзэж байна гэв.