Э.Бат-Үүл: Метроны ажлын юу ч бэлэн биш. "Ногоон автобус шиг юм болов оо" гээд Х.Нямбаатар даргад хэлсэн

Э.Бат-Үүл: Метроны ажлын юу ч бэлэн биш. "Ногоон автобус шиг юм болов оо" гээд Х.Нямбаатар даргад хэлсэн

Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжил форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна. Форумаар Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буй талаар албаны хүмүүс мэдээлэл өгч, олон талт санал солилцож байгаа юм.

Энэ үеэр Хотын дарга асан Э.Бат-Үүл " "Метроны тендер зарлаж байна. Ажиллуулах гэж байна" гэж энд, тэндгүй лоозон наагаад. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр "Ногоон автобус шиг юм болов оо" гээд Х.Нямбаатар даргад сануулж хэлсэн. Энэ бол тоглодог тоглоом биш. Метро барих асуудал иж бүрэн баталгаатай байх ёстой. Метроны ажлыг авсан этгээд газар ухаж орхичхоод "За одоо юмны ханш өссөн" гээд шантаажлаад суучихвал яах уу. Метро гэдэг нь зүгээр нэг хонгил доогуур вагон явуулах ажил биш. Түүнийг ажиллуулдаг 1500 инженер, техникийн ажилтныг хаана, хэн бэлтгэх гэж байгаа юм. Маш өндөр зардалтай. Миний үед энэ асуудлыг Японы талтай тохирчихсон байсан. Метрог баталгаатай, хариуцлагатай хийж, дуусгаж өгдөг нь Японы Засгийн газар шүү дээ. Тиймээс хаа сайгүй японоор хийлгээд байгаа юм.

Тэгэхэд метрон дээр олон улсын тендер зарлаад байна. Яг үнэндээ Японы Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайд хоёр санамж бичиг зурсан. Японы тал одоо гайхна. Бид нараар төсөл хийлгэчхээд  санамж бичиг зурчхаад гэнэтхэн метрондоо олон улсын нээлттэй тендер яриад байна. Уг нь энэ бол Засгийн газар хоорондын тохиролцоогоор хийгдэж, хүн хүчээ бэлтгэх ёстой. Дээрээс нь метро барихтай зэрэгцээд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн томоохон шинэчлэл явагдах байхгүй юу. Өөрөөр хэлбэл баруун талаас зүүн тал руу чиглэх бүх дулаан, цахилгааны шугамууд өөрчлөгдөнө.Метроны цахилгаан хангамжид шаардлагатай тавдугаар цахилгаан станцыг барих ёстой. Тэр бүхэн тендерт байгаа юм уу. Бөөрөлжүүт бол одоо байгаа дутагдалтай эх үүсвэрийг хангана. Дээрээс нь гэр хорооллын дахин төлөвлөлт хийхэд цахилгаан хэрэгтэй. Дахиад эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй. Энэ бүхнийг уялдуулахгүйгээр Атрын хоёрдугаар аян шиг юм зарлаад байх юм. Энэ яаж болдог юм бэ.Үүнийг би улс төржсөн гэж хардаг. МАН сонгуульд ялаад Батболдын хийсэн ажил нь хамгийн түрүүнд метроны төслийг зогсоосон. Уг нь 2016 оны эхлээд 2020 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан. ТЭЗҮ нь хийгдээд Японы Засгийн газартай санамж бичгээ зурчихсан байсан. Тэгээд УИХ-аар метро хийх ерөнхий төлөвлөгөө батлагдаад хууль эрх зүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдчихсэн байдаг. Зогсоосноос хойш агаарын тээвэр, монрайл гэх зэрэг хачин юм их ярьцгааж байна. Улаанбаатар шиг -30 хэм хүрч хүйтэрдэг хотод болдоггүй ажил шүү дээ. Дүүжин тээвэр нь болдог байсан бол Москва, Бээжин, Нью-Йорк тэгэхгүй яасан юм. Энэ чинь уулын орой дээр цанын баазад л хүн буулгах суулгах зориулалттай эд. Ийм юм ярихаа болох хэрэгтэй.Монрайл ч мөн -35 хэмд ажиллахгүй хөлдүүс байдаг. Энэ бүхний эцэст метро руугаа эргэж байгаад баяртай байна. Гэхдээ үүнийг ингээд сонгуулийн  PR болгочхож болохгүй" гэж ярив.

ВИДЕО: