Энэтхэгийн төрийн өмчит “Steel Authority of India” (SAIL) компани Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа онгоцоор тээвэрлэн авч, шинэ нийлүүлэгчээр ашиглах боломжийг туршиж эхэлжээ.
Тус компани есдүгээр сарын эхээр Монгол Улсаас нэг тонн коксжих нүүрсний дээжийг онгоцоор тээвэрлэн авчирсан бөгөөд уг нүүрс нь ган үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэхээр болсон байна. Энэ талаар Reuters агентлаг хоёр эх сурвалжаар баталгаажуулан мэдээлжээ.
Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээнийхээ ойролцоогоор 95 хувийг импортоор хангадаг бөгөөд Австрали нийт нийлүүлэлтийнх нь дор хаяж талыг бүрдүүлдэг байна. Харин Энэтхэг улс нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, Австралиас хамааралтай байдлаа бууруулахыг зорьж байгаа аж. SAIL компани Монголын коксжих нүүрсний туршилтын импортыг өнгөрсөн онд төлөвлөсөн бөгөөд энэ талаар Reuters 2025 оны тавдугаар сард анх мэдээлж байжээ.
Гэвч Монгол Улсаас Энэтхэг рүү нүүрс тээвэрлэхэд логистикийн хүндрэл тулгарч байна. Монгол Улс далайд гарцгүй бөгөөд Энэтхэг, БНХАУ-ын харилцаа хурцадмал байгаа тул Монголын нүүрсийг Энэтхэгт хүргэхэд ОХУ-аар дамжих урт маршрутыг ашиглах шаардлагатай болж болзошгүй байна. Энэтхэгийн албаныхан өмнө нь БНХАУ-тай холбоотой стратегийн эрсдэлийг харгалзан нүүрс тээвэрлэхэд ОХУ-аар дамжих чиглэлийг илүүд үзэж байгаагаа илэрхийлж байсан.
SAIL компани Монгол Улсаас урт хугацаанд коксжих нүүрс импортлох эсэхээ нүүрсний чанар, тээврийн зардал болон тээвэрлэлтийн боломжийг харгалзан шийдэх аж. Мөн Энэтхэг, Монгол Улс өнгөрсөн онд Энэтхэгийн компаниудын коксжих нүүрс болон зэсийн нийлүүлэлтийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2026/27 онд өмнөх жилийн 64 сая тонноос 3-5 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Дотоодын нүүрс нь ган үйлдвэрлэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй тул импортын хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Коксжих нүүрс нь ган үйлдвэрлэлийн нийт зардлын бараг 40 хувийг бүрдүүлдэг бөгөөд Энэтхэг гангийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн хэрээр импортын хэрэгцээ нь цаашид өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters