"Чингис мастер кросс" уралдаан бямба гарагт болно

"Чингис мастер кросс" уралдаан бямба гарагт болно

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Чимэдцэрэн агсны нэрэмжит автомашины бартаат замын уралдаан “Чингис мастер кросс-2024” гуравдугаар сарын арван зургааны бямба гарагт Дархан хотод болно.

1998 онд анх зохион байгуулж, ковидын жил нэг удаа өнжсөн уг уралдаан тамирчдын ур чадварыг сорьсон, жилээс жилд өргөжин тэлж оролцогчдын тоо нэмэгддэг томоохон уралдааны нэг болсон. Нийт долоон гараатай, хэсгийн дөрөв, хагас шигшээ хоёр, финалын нэг гараанаас шилдгүүд тодордог уралдаанд МУГТ Д.Болдбаатар хамгийн олон буюу найман удаа түрүүлж, дөрвөн удаа дэд байрт шалгарсан амжилтаар тэргүүлдэг аж. Уралдааны замын тухайд зөөлөн хөрстэй, огцом эргэлт, өгсүүр ихтэй, жалга, уулын хазгай зэрэг нь бусад уралдааны замаас бартаа ихтэй тэсвэр, уран жолоодлогыг ихэд шаарддаг гэж тамирчид онцолж өөрсдийнхөө ур чадварыг сорихоор ирдэг Зохион байгуулалтын тухайд үзэгчдэд илүү боломжийг нээж, хоёр жилийн өмнөөс Дархан хотын 89.5 радиогоор мэргэжлийн тайлбартайгаар хүргэж эхэлсэн нь үзэгчдэд илүү сонирхолтой болсон аж. Ташрамд сонирхуулахад, Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулдаг уралдаануудаас хамгийн олон үзэгчтэй нь Дархан хотод зохион байгуулдаг ”Чингис мастер кросс” зүй ёсоор багтдаг бөгөөд тогтмол 40-50 мянган хүн үздэг юм байна.