СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хөүм плаза" орчимд явж байсан иргэний биед сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй халдаж, гэмтэл учруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Хөүм плаза" орчимд явж байсан иргэний биед сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй халдаж, гэмтэл учруулжээ

Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн мягмар гарагт оройн 22:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15-р хороо Хөум плаза орчмын ойролцоо явж байсан нэгэн эмэгтэйн биед сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй халдаж, гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

-ОРОЙ 22:00 ЦАГИЙН ҮЕД МАШИН ЗАМ ДАГУУ АЛХАЖ ЯВТАЛ ТОЛГОЙ ТУС ГАЗАР НЬ ХЭН НЭГЭН ХАТУУ ЗҮЙЛЭЭР МАШ ХҮЧТЭЙ ЦОХИЖЭЭ-

Тодруулбал, иргэн О 22:00 цагийн үед зам дагуу алхаж явтал толгой тус газар нь хэн нэгэн хатуу зүйлээр маш хүчтэй цохижээ. Эргээд харахад нь нэгэн залуухан эмэгтэй мод шиг урт зүйл барьчихсан иргэн О-г ёс бус үгээр харааж, доромжлон орилжээ. Иргэн О тухайн үед маш их айж цочирдон бушуухан тэр эмэгтэйгээс холдож явсан ба гэртээ орж ирсэн хойноо цагдаагийн байгууллагад хандсан байна. Мөн толгой нь хатуу зүйлд цохиулсаны улмаас тухайн үед манарч өвдөж байсан ба дараа нь гарах хор уршгаас сэргийлэн эмнэлэгийн байгууллагад хандаж байгаа аж.

Энэ талаар иргэн О өөрийн цахим хуудсандаа "Толгой руу түс гээд л манараад явчихсан. Намхандуу, хар куртиктэй, гартаа урт мод шиг юм барьчихсан эмэгтэй зогсож байсан. Галзуу юм ахиад цохих вий гээд айсандаа бушуухан холдсон. Зургийг нь авч, цагдаа дуудах сөхөө ч байсангүй. Гэтэл угаасаа тэр хавиар явдаг сэтгэцийн өөрчлөлттэй хүн юм гэнэ ээ. Цагдаа нар нь тоодоггүй ч юм байна. Сэтгэцийн өөрчлөлттэй хүнд хууль үйлчлэхгүй гэдэг халхавчтай галзуу, гаж донтонууд нь сул чөлөөтэй явсаар л байх юм. Хэзээ, хэн нь амь насаа алдаж байж хорьж, хяналтанд авах ажил юм бүү мэд" гэж бичжээ.

Харин зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэй нь Хөум плаза, Зайсан, 120 мянгат орчмоор их явдаг. Хүмүүс рүү удаа дараа орилж хашгиран, бага насны хүүхдүүдийг хөөж айлгаж байсан тохиолдол хэд хэд гарсан бөгөөд хүчирхийлэлд өртсөний улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон гэх мэдээлэл байгаа юм. Мөн дээрх хэрэг гарсны дараа тухайн сэтгэцийн өвчтэй эмэгтэйтэй таарсан өөр нэг иргэн "яг тэр орой 22:00 цаг өнгөрч байхад Хөум плаза орчимд орилж хашгирсан эмэгтэйтэй таарсан. Гартаа нэг урт юм барьчихсан буруу хараад, инээгээд явж байсан" гэж ээ.

Сэтгэцийн өөрчлөлттэй гэх эмэгтэй

-ХАВРЫН УЛИРАЛД ГЭРЛИЙН НӨЛӨӨНӨӨС БОЛЖ ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙД ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ БӨГӨӨД ЭНЭ НЬ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮМҮҮСТ ТҮЛХҮҮ ИЛЭРДЭГ БАЙНА-

Хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүстэй их тааралдах болсон талаар иргэд мэдээлж байгаа. Тус бүрийн онцлогоо дагаад бүх улиралд хүний сэтгэцэд өөрчлөлт ордог бөгөөд "улиралд нөлөөт эмгэг" гэж байдаг аж. Хаврын улиралд нарны гэрэл илүү их тусч, цаг агаар дулаардаг ба гэрлийн нөлөөнөөс болж хүний бие организмд тодорхой өөрчлөлтүүд ордог байна. Энэхүү өөрчлөлт нь гуравдугаар сард илүү их мэдрэгддэг бөгөөд сэтгэцийн хувьд өөрчлөлттэй хүмүүст түлхүү илэрдэг аж. Монгол Улсад сүүлийн жилүүдэд сэтгэцийн өвчлөл, эмгэг нэмэгдэх хандлагатай болсонтой холбогдон тэрхүү өвчтөний зүгээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх явдал буурахгүй байгаа талаар хуулийн байгууллагуудаас мэдээлж байгаа. Тиймээс иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг анхааруулж байна.

Хуульд зааснаар:

  • Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.
  • Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.
  • Гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүх түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эдгэрсний дараа ял оногдуулна" гэжээ.