БАРИМТ: НЗДТГ-аас “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг 1 тэрбум төгрөгөөр зохион байгуулж, дахин хоёр арга хэмжээг тэрбумаар хийхээр төлөвлөжээ

БАРИМТ: НЗДТГ-аас “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг 1 тэрбум төгрөгөөр зохион байгуулж, дахин хоёр арга хэмжээг тэрбумаар хийхээр төлөвлөжээ

Өчигдөр /2024.03.14/ Төрийн ордонд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” чуулганыг зохион байгууллаа. Гол зохион байгуулагч нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар /НЗДТГ/.

-ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОН ОЛОН УЛСЫН ИННОВАЦИ ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭГ НИЙТ НЭГ ТЭРБУМААР ХИЙНЭ-

Тэгвэл тус чуулганыг нэг тэрбум төгрөгөөр зохион байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрсэн мөн хурлын дараа "Шангрилла" зочид буудалд тансаг зэрэглэлийн хүлээн авалт хийсэн гэх иргэдийн шүүмжлэл бий. Тодруулбал,  чуулганыг зохион байгуулахын тулд Төрийн ордны нэг давхрын угтах хэсэгт хивс дэвсэж, анонс байрлуулсан зэрэг тохижилтын ажилд 50-60 сая төгрөг, 1000 оролцогчийн хоолны зардалд 94 сая төгрөг, Их танхимын түрээсэнд 7.5 сая төгрөг, гарын бэлэгт 40 сая төгрөг зарцуулсан талаар зарим иргэд мэдээлсэн. 

Мөн хуралд оролцогчдын зарим нь чуулганы дараах Шангрилла зочид буудлын хүлээн авалтыг эсэргүүцэж, шүүмжилсэн. Тэгвэл тус чуулганыг зохион байгуулах төсвийг өнгөрсөн сард НИТХ-аар батласан Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгаж өгсөн байна.

Төсвийн тодотголд “Засгийн газрын 2023 оны 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Нийслэл Улаанбаатар хот-Хөгжлийн бүс”-ийн форум арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд уг арга хэмжээнд 1 тэрбум төгрөг” хэмээн бичжээ.

Хотын дарга Х.Нямбаатар болон түүний багийнхан дээрх чуулганаас гадна Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ арга хэмжээнд 0.6 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Цаашлаад Олон улсын инноваци үзэсгэлэн арга хэмжээнд 0.4 тэрбум төгрөгийг зарцуулна гэдгээ төсвийн тодотголдоо тусгасан байна. Өчигдрийн арга хэмжээ нь Улаанбаатар хотыг тэлж, ойролцоох бүсийг хотын хэмжээнд хөгжүүлэх шийдлийг хайж ярилцсан гэж буй. Гэхдээ энэ хэмжээний чуулган, хурлыг олон удаа зохион байгуулж ирсэн ч бодитой гарсан үр дүнгүй байдаг гэж иргэд эсэргүүцэж байгаа юм.