Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ

Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийг зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлжээ

"Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ нь ажилчдынхаа усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан байсан талаарх бичлэг өчигдөр /2024.03.14/ цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн. 

Тэгвэл тус гомдол мэдээллийн дагуу Орхон аймгийн цагдаагийн газраас уг асуудлыг шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ажилчдынхаа усанд ордог шүршүүрийн өрөөнд хяналтын камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудыг зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

6.22 дугаар зүйл.Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх

1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд оршин сууж байгаа айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг найман мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.