Apple “iTunes”-ээс татгалзаж магадгүй

Apple “iTunes”-ээс татгалзаж магадгүй

АНУ-ын “Apple” корпорац  “Instagram”, “Facebook” дэх хуудаснаасаа “iTunes” програмтай холбоотой бүх мэдээллийг устгажээ. Энэ нь 18 гаруй жилийн турш ашигласан уг програмаас тус компани бүрмөсөн татгалзахаар шийдсэний нотолгоо байж болох юм гэж “The Verge” цахим хуудсанд мэдээлсэн байна. 

2001 онд гарч ирсэн “iTunes” нь олон жилийн туршид “Apple”-ийн ухаалаг гар утас хэрэглэгчдийн хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл байсаар ирсэн юм. 2007 онд “iPhone” гар утас гарахаас бүр өмнө iPod эзэмшигчид уг програмын тусламжтайгаар дуу татдаг байв.

“Apple”-ийн ухаалаг гар утсууд төдийгүй зөөврийн бусад төхөөрөмж нь илүү бие даасан байдалтай болсон тул “iTunes” –ийн хэрэгцээ бараг шаардлагагүй болжээ. “Apple”-ийн төхөөрөмжүүд өөрийн гэсэн “AppStore” програмын дэлгүүртэй болсон бол “Apple Music” програмаар дамжуулан хөгжим сонсох боломжтой болсон билээ. Үүнээс гадна “Apple TV” програмын шинэчилсэн хувилбараар ажилладаг видео стримингийн үйлчилгээ гаргахаар болсноо “Apple” корпорацынхан 2019 оны дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм.

Энэ бүхнээс харахад хоцрогдсон “iTunes”-ээс татгалзах нь зөв бөгөөд зүйд нийцсэн гэж шинжээчид үзэж байгаа аж. “Bloomberg” агентлагийн технологийн салбарын шинжээч Марк Гурманы мэдээлснээр бол “Apple” корпорац “iTunes”-ээс татгалзахаар шийдсэнээ жил бүр зохион байгууладаг Дэлхийн програм хөгжүүлэгчдийн бага хурлын /Worldwide Developers Conference, WWDC/ үеэр мэдэгдэх аж. Уг хурал зургадугаар сарын 3-7-нд Калифорни муж улсын Сан-Хосе хотод болно.