Гурилын үнийн өсөлт  өндөр байгаа нь хүнсний гол бүтээгдэхүүний инфляц өссөнтэй холбоотой

Гурилын үнийн өсөлт өндөр байгаа нь хүнсний гол бүтээгдэхүүний инфляц өссөнтэй холбоотой

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гурилын үнэ дунджаар 61.5 хувиар өсөж, төр, засгаас тариалан эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд нь гурилын үнэ буураагүй хэмээн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өнөөдөр /2024.03.15/ нд мэдээллээ.

Дундаж цалингийн болон шатахууны үнийн өсөлт зэрэг гол хүчин зүйлүүдийг тооцвол уг нь үнийн өсөлт 15 хувиас хэтрэхгүй байх байсан гэсэн тооцоолол хийгээд байна.  Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний инфляц өндөр байгаагийн зэрэгцээ цалин тэтгэвэр өсөх, бэлэн мөнгө тараах, зудын нөхцөл хүндрэх зэрэг дотоод шалтгаанаар инфляц эргээд өсөх эрсдэл бий гэж Монголбанк мэдээллэсэн.  “Улаанбаатар гурил” ХХК-ийн мэдээлж байгаагаар зах зээлд гурилын хомсдол үүссэн ч аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийг хэвийн болгохоор ажиллаж байгаа юм. 2023 онд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын улаанбуудайн соёололт өндөр, цавуулаг хангалтгүй байсан тул дотоодын улаанбуудайгаар дангаар нь гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрсэн нь хомсдол үүсэхэд нөлөөлжээ. Түүнчлэн ХХААХҮЯ-аас аж ахуйн нэгжүүдэд ОХУ-аас улаан буудай худалдан авах квот олгосон бөгөөд квот дууссаны дараа чанартай улаанбуудайн нөөцгүйн улмаас үйлдвэрүүд зогсохоор байгааг мэдээлжээ.