ШУУРХАЙ: 13 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь модон дунд нуусан байсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

ШУУРХАЙ: 13 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь модон дунд нуусан байсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Хүчингийн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд 13 настай охиныг хөнөөгөөд цогцсыг нь нуусан байсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Харин Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах дөрөвдүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдэн байдаг. Тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоон, таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3 километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.