"МАН-аас УИХ-д дэвших хүсэлтэй" гишүүдийнхээ өргөдлийг өчигдөр авч, тэднийг "Үнэн" сонин захиалсан, Намын татвараа төлсөн эсэхийг нь шалгаж шийдвэр гаргана гэжээ

"МАН-аас УИХ-д дэвших хүсэлтэй" гишүүдийнхээ өргөдлийг өчигдөр авч, тэднийг "Үнэн" сонин захиалсан, Намын татвараа төлсөн эсэхийг нь шалгаж шийдвэр гаргана гэжээ

МАН нь гишүүдийнхээ “Дэвших хүсэлт”-ийг дөрөвдүгээр сарын 01 /2024.04.01/-ны өдөр хүлээн авна гэж байсан ч энэ өдрөө 15 хоногоор наашлуулж, өчигдөр /2024.03.15/ болгож нэлээдгүй сандралд оруулсан байна.

-ТАВДУГААР САРЫН 20-НЫ ӨДӨР "БАГА ХУРАЛ"-АА ХИЙЖ, НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДОРХОЙ БОЛГОНО

МАН-ын удирдлагуудын гаргасан энэхүү гэнэтийн шийдвэрээс болж 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй тус намын гишүүд бөөн бухимдал болж, “Төлөвлөгөөг өөрчиллөө. Дөрөвдүгээр сарын 01-нд  нэр дэвших хүсэлтээ өгөхөөр бэлдэж байсан юм” хэмээн хэрүүл маргаан болжээ.

Улмаар горилогчид өөрийн гараар бичсэн "тэр тойрогт нэр хүсэлтэй байна" гэсэн хүсэлтээ МАН-ын "Хяналтын хороо"-ндоо өгөхөөр өнгөрч буй пүрэв, баасан гараг /2024.03.14, 15/-т Тусгаар тогтнолын ордны 5 дугаар давхарт урт дугаарлалт үүсгэж, олон цагаар зогссон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "УИХ-ын гишүүд, сайд, Бага хурлын гишүүд болон бусад гишүүд бүгд холилдон дугаарласан байна."

Одоо МАН-ын "Хяналтын хороо" нь хүсэлт өгсөн гишүүдийнхээ "Үнэн" сонин захиалсан эсэх, орон нутагт ажилласан эсэх, татвар хураамжаа төлсөн эсэх, намаас зохион байгуулсан арга хэмжээ, хуралд идэвхтэй оролцсон зэргийг шалгаж, тулгаад эхний байдлаар  шийдвэр гаргаж хариу өгөх аж. 

Дараа нь МАН-ын удирдлагуудын түвшиндээ шийдвэр гаргаж, ирэх тавдугаар сарын 20 /2024.05.20/-ны өдрийн "Бага хурал"-аараа нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодорхой болгон олон нийтэд зарлах юм. Сонирхуулахад, "Монголын Үнэн" сонин нь МАН-ын төв хэвлэл ба медиа бизнесмэн А.Амундра 100 жилийн түүхтэй тус сониныг 2021 оноос эхлэн удирдаж байгаа юм. Тэрбээр 2012-2016 онд АН эрх барихад тус хүчин зүтгэж байсан тиймээс ч А.Амундраг Ардчилсан намын гишүүн гэдэг байв. Харин 2021 онд тэрбээр МАН-д элсэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон юм.

-ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮД Ч ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ-

МАН-ын зарим гишүүд "Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан зэрэг хэрэгт нэр холбогдож хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй хүмүүсийг ирэх сонгуульд дэвшүүлэхийг эсэргүүцсэн шаардлага"-ын намынхаа удирдлагуудад хүргүүлсэн.

Гэтэл авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүд өнгөрөгч пүрэв, баасан гарагт дугаарлаж хүсэлтээ өгчээ. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалтын гэмт хэрэгт нэр холбогдсон гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ ил мэдэгдсэн байдаг. МАН нь гишүүдийнхээ дэвших хүсэлтийг сонгууль бүрийн урьд ингэж авдаг ч яг шийдвэр гаргахдаа харгалзаж үздэггүй, мөнгөтэй хүнийг дэвшүүлдэг гэх шүүмжлэл байдаг. Энэ жилийн тухайд 4 тэрбумыг өгсөн хүмүүсийг жагсаалтын эхэнд бичнэ гэх албан бус яриа МАН дотор яригдаж байна. 2024 оны УИХ-ын сонгууль нь “Холимог тогтолцоо”-оор бүсчилсэн 13 том тойргоос парламентын 126 гишүүнийг сонгоно.