Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээлээ

Монголын үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээлээ

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт болжээ. Тус хурлаар ЁЗСХЗ-ийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхийг нь нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг нь өнөөдрөөс сэргээх шийдвэр гаргажээ. 

Түүний хувьд ёс зүйн алдаа гаргасныхаа дараа олон нийтээс уучлалт гуйхын сацуу таван барилдаанд туслах хөлийн цэцээр ажилласан юм. Тэгвэл өнөөдрөөс барилдах эрх нь сэргэсэн улсын заан Б.Серик маргааш Монгол бөхийн өргөөнд болох казах түмний Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглох юм байна.