Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ төлбөрөө зургаан сараас дээш төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ төлбөрөө зургаан сараас дээш төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Өдрийн сонинд ярилцлага өгчээ.

Тэрбээр ярилцлагадааИргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон байна. Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм.

Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 1676 СӨХ. Нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна.

Эдний дунд хариуцлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон СӨХ олон бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль, алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна" гэжээ.