“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч асан Т.Батмөнх нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүх хэлэлцэх эсэхийг шийднэ.
Тодруулбал, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 331 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар магадлалтай, Т.Батмөнх, Б.Энхбаатар, Б.Баасандорж, Д.Болортуяа, Д.Сэлэнгэ, Я.Дамдиндорж нарт холбогдох хэргийг шүүгдэгч Я.Дамдиндоржийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүгдэгч Т.Батмөнхийн өмгөөлөгч Б.Баатарсайхан болон М.Мэндбаяр, Ж.Сангичимаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэхээр товлосон байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга Т.Батмөнх нь 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдсон байдаг.
Тодотговол, 2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргаагүй байхад Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх “Лексус-570” болон 45-74 ОРХ дугаартай “BMW-535”, 21-00 ОРХ дугаартай “Тоёота хаис” автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн аж. Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгч улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ. Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан болох нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэх мэдээлэл байдаг юм.