НЭГ СЭДЭВ: Т.Бадамжунайн гараар орж МИАТ-ын гэх Б.Эрдэнэбилэгт очсон "Хүрээ амаржих"-ын газар Г.Баттүшигийн мэдэлд хэрхэн шилжив /ВИДЕО/

НЭГ СЭДЭВ: Т.Бадамжунайн гараар орж МИАТ-ын гэх Б.Эрдэнэбилэгт очсон "Хүрээ амаржих"-ын газар Г.Баттүшигийн мэдэлд хэрхэн шилжив /ВИДЕО/

Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд байрлах "Хүрээ" амаржих газар буюу хоёрдугаар төрөх эмнэлгийн эзэмшлийн газрыг эрх мэдэлтнүүд хэрхэн бусдад шилжүүлж, газрыг өөрсдийн болгосон талаарх баримтыг бид энэ удаад дэлгэж байна.

ВИДЕО:

-Т.БАДАМЖУНАЙН НАЙМАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨЛБӨРТ ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗАР ЗЭРЭГ НИЙСЛЭЛИЙН ГУРВАН БАРИЛГЫГ Б.ЭРДЭНЭБИЛЭГТ ӨГЧЭЭ-

“Хүрээ” амаржих газар нь 1959 онд анх байгуулагдахдаа 12 мянга 800 мкв газартай байсан ч өдгөө 8 мянган мкв газартай болжээ. Тухайн эмнэлгийн газрыг анх ахмад дайчин, улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдэд олгоно гэх найман айлын орон сууцны төлбөр болох 173.8 сая төгрөгийн өр төлбөрт өгснөөр уг газрын маргаан, наймаа эхэлсэн байдаг.

Учрыг тодруулбал, 2003 оны 12 дугаар сард Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн үеийн Хотын менежер Т.Бадамжунай нь НИТХ-ын төлөөлөгч, МИАТ-ын дарга асан Б.Эрдэнэбилэгийн эзэмшлийн “Баялаг бийлд инвест” ХХК-аас найман айлын орон сууц худалдан авахаар гэрээлж, улмаар цаасан дээр акт үйлдэж, тухайн орон сууцуудыг хүлээн авсан байна. Цаасан дээр гэхийн учир нь “Баялаг бийлд инвест” ХХК нь найман айлын орон сууцыг барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн тухай баримт нотолгоо байдаггүй. Мөн тухайн орон сууцуудыг хэнд өгсөн нь тодорхойгүй байна. Тодотговол НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн толгойлдог “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс”-оос “Баялаг бийлд инвест” ХХК-аас улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдэд орон сууц олгох асуудлыг шийдвэрлэж байгаагүй болохыг нотолсон байгаа юм. Гэтэл магадгүй цаасан дээр барьсан найман айлын орон сууцны төлбөрт хоёрдугаар амаржих газрын хуучин ашиглаж байсан зөвлөх амбулаторийн 305 м2 талбай бүхий барилга зэрэг нийслэлийн өмчийн гурван үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тогтоолыг НИТХ-ын тэргүүлэгчид 2005 оны долдугаар сарын 20-ны өдөр гаргаж, НИТХ-ын дарга Н.Болормаа, Нарийн бичгийн дарга Т.Билэгт нар баталсан байх аж. Улмаар 2006 оны 9 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Баялаг бийлд инвест” ХХК-д конторын зориулалтаар 985 мкв газрыг олгосон байна.

-МИАТ-ИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Б.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ЗАХИРАМЖ ГАРСАН Ч ТЭРБЭЭР ГАЗРАА 682 САЯЫН ӨРӨНД П.ЭНХЭЭ ГЭГЧИД ШИЛЖҮҮЛСЭН БАЙНА-

2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газар эзэмших эрхийг “Баялаг бийлд инвест” ХХК-аас иргэн П.Энхээд шилжүүлсэн байдаг. Гэтэл хамгийн ноцтой нь “Баялаг бийлд инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг гэгч нь тухайн үед МИАТ-ийн гэх алдарт хэрэгт холбогдсон байсан бөгөөд түүний өмчлөлд байсан бүхий л хөрөнгийг битүүмжилж, улмаар тус хөрөнгөөс Ч.Хоролсүрэн, Б.Эрдэнэбилэг нарт ноогдох төлбөрийг төлүүлж, үлдсэн хэсгийг улсын орлого болгох шийдвэрийг Улсын дээд шүүх 2013 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр гаргасан байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэбилэг гэгч нь шоронд хоригдож байхдаа шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэж, улсын орлого болгох ёстой байсан газраа ийнхүү П.Энхээ гэгчид шилжүүлсэн байна. Тэгвэл тэрбээр яаж битүүмжлэгдсэн эд хөрөнгийг бусдад шилжүүлэв гэдэг нь энд анхаарал татна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Баялаг бийлд инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбилэг гэгч нь 2-3 регистрын дугаартай байсан гэх бөгөөд магадгүй тэдгээрийгээ ашиглаж, газраа бусдад шилжүүлсэн байж болзошгүй байгаа юм.

Гэтэл П.Энхээ нь Б.Эрдэнэбилэгээс 682 сая төгрөгийн өр төлбөртөө авсан гэх шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдэж, магадгүй улсын орлого болох байсан хоёрдугаар төрөх эмнэлгийн газрыг Улаанбаатар банкны барьцаанд тавьжээ.

-ГАВЬЯАТ ЭМЧ Д.АДИЛБИШИЙН ХОХИРСОН ХЭРГИЙГ Д.СУГАР НАРЫН ХЭРЭГТ ХОЛБООТОЙГООР НЭГТГЭН ШАЛГАНА ГЭХ НЭРИЙН ДОР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ДАРАГДУУЛЖЭЭ-

Энд нэгэн зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй юм. Учрыг тодруулбал, хоёрдугаар төрөх эмнэлгийн эмчээр 27 жил ажилласан, гавьяат эмч Д.Адилбиш нь тухайн эмнэлгийн барилгыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж байсан ч барилга нь Б.Эрдэнэбилэгийн мэдэлд шилжсэнээр тэрбээр эрх мэдэлтнүүдийн шийдвэрийн золиос болж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчээ. Ийм атал түүний асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нарын хэрэгт холбоотойгоор нэгтгэн шалгана гэх нэрийн дор хуулийн байгууллагынхан дарагдуулж, түүнийг хэргийг удаа дараа хаасан байна.

 -ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫГ ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН Г.БАТТҮШИГ НЬ ТУХАЙН ГАЗАРТАА АВТО ЗОГСООЛ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦ БАРИХААР БАРИЛГЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЖЭЭ-

Хоёрдугаар төрөх эмнэлгийн газрын асуудал нь олон шүүхийн хаалга татаж, шийдвэр, захирамж гарч байсны эцэст 2830 м.кв газар өнөөдөр “Улаанбаатар” их дэлгүүрийн босс Г.Баттүшигийн мэдэлд шилжиж, тухайн газарт тэрбээр төвлөрсөн авто зогсоол, үйлчилгээтэй орон сууц барихаар хэдийнээ барилгын ажлаа эхэлсэн байна. Эхнээсээ эрх мэдэлтнүүдийн гараар орж, хууль бусаар авсан байж болзошгүй хоёрдугаар төрөх эмнэлгийн газарт баригдах Г.Баттүшигийн барилга нь ч мөн хууль зөрчиж баригдаж байгаа юм.

Тодруулбал, “Хүрээ” амаржих газар нь шинээр эмнэлгийн барилга барихаар 2022 оны зургаадугаар сард архитектур төлөвлөлтийн даалгавраа авч, барилгын ажлаа эхэлсэн байна. Тухайн үед эмнэлгийн удирдлагууд “Төрөх эмнэлэг нь онцгой бүс бөгөөд ойр орчимд нь барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар авсан газар байгаа эсэхийг лавлаж байсан бөгөөд ямар нэгэн барилга барих зөвшөөрөл байхгүй болохыг албаныхан тодотгож байжээ.Гэтэл үүнээс ердөө хоёрхон сарын дараа буюу 2022 оны наймдугаар сард иргэн Г.Баттүшиг нь тухайн шинээр баригдах эмнэлгээс ердөө 10 хүрэхгүй метрийн зайд авто зогсоол болон орон сууцны зориулалттай 25 давхар барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байна. Ингэхдээ тэд хоёрдугаар төрөх эмнэлгийн нас барагсдыг гаргах хэсэг болон аюултай хог хаягдлыг зайлуулах хэсгийг байгуулахаар төлөвлөж архитектур төлөвлөлтийн даалгавраа аваад байсан газрыг өөрийн болгон авсан байна.

Нөгөөтээгүүр төрөх эмнэлэг нь онцгой объект учир барилга хоорондын зай, норм дүрмийг баримтлах ёстой ч Г.Баттүшигийн барихаар төлөвлөсөн барилга нь энэ бүхнийг ноцтойгоор зөрчиж байгаа аж. Тиймээс төрөх эмнэлгийн удирдлагууд холбогдох бүхий л шатны холбогдох байгууллага, шүүхэд хандсан ч тусыг эс олж, өнөөдөр барилгын ажил хэдийнээ эхлээд байна.

Энд мөн л ноцтой зүйл анхаарал татна. Учир нь хоёрдугаар төрөх эмнэлэг 27 тэрбум төгрөгөөр сүндэрлэж байгаа. Гэтэл Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс дөнгөж, хундамыг нь ухаж, арматурыг нь угсарч эхэлж байгаа Г.Баттүшигийн барилгын үйл ажиллагааг зогсоох боломжгүй. Тэд 20 тэрбум төгрөгийн зардал, харин эмнэлэг 27 тэрбумын зардал буюу хоёулаа ижил хэмжээний зардал гаргасан байна” гэх хачирхалтай шийдвэрийг гаргасан байна. Тиймээс ч өнөөдөр барилгын ажил явагдсаар байгаа аж. Угтаа хэн ч харсан барилгын норм дүрэм зөрчсөн, газрын маргаантай эл барилгын ажлыг зогсоохгүй, газрын асуудлыг шийдэхгүй байгаагийн цаана магадгүй эрх мэдэлтнүүдийн эрх ашиг, албан тушаалын нөлөөлөл байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.