Х.Баттулгын дүү Х.Баттуул, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, дүү Ц.Отгонбаатар нар гурилын зах зээлийг базаж, үнийг нэмсэн нь асуудлыг "Импортын татварыг чөлөөлөх" хэмжээнд хүргэв

Х.Баттулгын дүү Х.Баттуул, "Таванбогд"-ын Ц.Баатарсайхан, дүү Ц.Отгонбаатар нар гурилын зах зээлийг базаж, үнийг нэмсэн нь асуудлыг "Импортын татварыг чөлөөлөх" хэмжээнд хүргэв

Засгийн газраас “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлсэн нь энэ долоо хоногийн чухал нэг сэдэв байлаа. Тодруулбал, малын тэжээл болоод гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр энэхүү хуулийн төсөлд тусгажээ. Учир нь гурил үйлдвэрлэгч дотоодын компаниуд үгсэн хуйвалдаж, гурилын үнийг нэмж байгаагийн эсрэг тус арга хэмжээг Засгийн газраас авч байгаа аж.

-ГУРИЛЫН НИЙТ ЗАХ ЗЭЭЛИЙН 74 ХУВИЙГ МИЛЛ ХАУС, АЛТАН ТАРИА, УЛААНБААТАР ГУРИЛ, ОД ГРУПП ГЭСЭН ДӨРВӨН КОМПАНИ ЭЗЭЛЖ БАЙНА-

Манай улсын хэмжээнд Улаанбаатар гурил ХХК, Милл хаус ХХК, Од групп ХХК, Өгөөж гурил ХХК, Өег хурал ХХК зэрэг 12 гурилын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Монгол Улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 мянган тонн ба үүнээс гурилын хэрэгцээ жилдээ 240 мянган тонн байдаг ажээ. Гэтэл 1 дүгээр гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг, 2019 онд 1142 төгрөг, 2020 онд 1323 төгрөг, 2021 онд 1414 төгрөг, 2022 онд 2070 төгрөг, 2023 онд 2426 төгрөг болж тасралтгүй өссөн байна. Тодруулбал, 2022 оныг өмнөх онтой харьцуулбал 1414 төгрөгөөс 2070 төгрөг буюу 46.4 хувиар өсжээ. Харин 1 кг улаанбуудай 2020 онд 883 төгрөг, 2021 онд 952 төгрөг, 2022 онд 1040 төгрөг, 2023 онд 1285 төгрөг байж.

Сонирхолтой нь, үйлдвэрлэгчид гурилын үнийг 2022, 2023 онд огцом нэмж тариаланчдаас улаанбуудайг 1040-1285 төгрөгөөр авсан хэр нь 1 кг гурилыг 2070-2426 төгрөгөөр буюу хоёр дахин өндөр үнээр худалдаалж эхэлжээ.

1 кг 1-р гурилын үнэ, 1 кг улаанбуудайн үнийг өсөл сүүлийн 4 жилийн байдлаар. Эх сурвалж: ХХААХҮЯ

Тэгвэл манай улсын гурилын нийт зах зээлийн 74 хувийг Милл хаус ХХК, Алтан тариа ХХК, Улаанбаатар гурил ХХК, Од групп ХХК гэсэн дөрвөн компани эзэлдэг ба тэд үгсэн тохиролцож гурилын үнийг нэмж, жижиг аж ахуй нэгжүүдийг ч тус зах зээлээс шахаж гаргадаг байна.

Мөн гурил үйлдвэрлэгч дотоодын компаниуд улсаас 1-3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авдгийн зэрэгцээ гаднаас орж ирэх гурилд импортын квот тогтоолгож, гадаад руу гарах үр тарианы экспортыг хязгаарлуулж, тариаланчид гадаад руу үр тариагаа гаргах боломжгүй болгодог. Ингээд хоёр талаасаа хааж байгаад хуйвалдаж үнээ нэмдэг нь тогтоогдсон байна. Иймд өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд малын тэжээл болоод гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн Засгийн газраас барьжээ.

ВИДЕО: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун гурилын үнэ яагаад огцом нэмэгдэх болсон талаар МҮОНРТ-ийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ ийнхүү ярив

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ДҮҮ Х.БАТТУУЛ, “ТАВАНБОГД”-ЫН ЭЗЭН Ц.БААТАРСАЙХАН, ТҮҮНИЙ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР НАР МОНГОЛЫН ГУРИЛЫН ЗАХ ЗЭЭЛИЙН 74 ХУВИЙГ БАЗАЖ БАЙНА-

Гурилын нийт зах зээлийн 74 хувийг эзэлж, сүүлийн хоёр жилийн хугацаанд гурилын үнийг огцом нэмснийхээ шанд ёстой л “Нүд рүүгээ хуруугаа хийх” гэгчээр малын тэжээл болоод гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хэмжээнд хүргээд буй "Милл хаус" ХХК-ийг Н.Алтанцэцэг, "Алтан тариа" ХХК-ийг С.Цацрал, П.Цэнгүүн нар, "Улаанбаатар гурил" ХХК-ийг Ц.Баатарсайхан, “Ургац” нэрийн гурилыг үйлдвэрлэдэг "Од групп" ХХК-ийг Д.Баянзул нар эзэмшдэг хэмээн УБЕГ-ын нээлттэй мэдээлэлд харуулж байгаа юм.

Гэтэл үнэн хэрэгтээ, “Милл хаус” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул 2007 онд байгуулсан байна. Харин Х.Баттуул нь “Милл хаус” ХХК-ийг эхнэр Н.Алтанцэцэгийнхээ нэр дээр эзэмшиж, удирддаг байна. 

Харин “Улаанбаатар гурил” ХХК-ийн эзэн нь “Таван богд” группийн Ц.Баатарсайхан бөгөөд гүйцэтгэх захирлаар нь түүний төрсөн дүү Ц.Оюунсүрэн нь ажилладаг байна. Хаан банкны 40 орчим хувийн хувьцааг эзэмшиж, “KFC”, “Pizza hut” сүлжээ зэргээрээ нийтийн хоолны зах зээл, монголд оруулж ирдэг “Toyota”-ийн жийпнүүдээр автомашины зах зээл, “Говь” ХК-иараа ноолууран хувцасны зах зээл гээд аялал жуулчлал, зочид буудлын зах зээлийг ч баздаг Ц.Баатарсайхан монголчуудын идэх гурилын зах зээлийг ийнхүү баздаг нэгэн.

Тэгвэл “Од групп” ХХК-ийн жинхэнэ эзэн нь “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатар юм. Бараг ахаараа овоглож явдаг Ц.Отгонбаатар барилгын том бизнестэй нэгэн. Тухайлбал, тэрбээр Дүнжингарав худалдааны төвийн эсрэг талд байрлах, саяхан газны дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургууль, “Глобал монтессори” цэцэрлэг зэргийг эзэмшдэг.  Сонирхуулахад, 2013 онд Тагнуулын ерөнхий газрын төв оффис баригдаж бараг дуусаж байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус барилгыг “дуудлагаар худалдах” шийдвэр гаргаж, улмаар Ц.Отгонбаатар 2014 онд 10 тэрбум төгрөгөөр худалдан авч, өдгөө “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхоныг болгосон түүхтэй.

Ерөнхийдөө гадаадын импортын татварыг чөлөөлөх нь буруу бодлого гэж судлаачид ярьдаг. Учир нь дийлэнх улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын татварыг нь өндөр тавьдаг. Гэтэл манай гурилын зах зээлд цөөхөн хэдэн компани олигопол зах зээлийг үүсгэн, үгсэж үнээ нэмж, инфляцыг хөөрөгдөж байгаагийн эсрэг улсаас импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар үнийг буулгах бодлого барьж эхэллээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө