ШУУД: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ХЗДХ-ийн яаманд хандав

ШУУД: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ХЗДХ-ийн яаманд хандав

Төр, нийгмийн нэр зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард /2023.04.19/ Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон билээ. 

Уг асуудалтай холбоотойгоор тэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч шүүх тэдний хүсэлтийг хүлээж аваагүй аж. Тиймээс тухайн иргэд нь өмгөөлөгчдийнхөө хамтаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан гэх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Энэ дагуу бид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар үүсээд байгаа нөхцөл байдал болон ямар шалтгаанаар ХЗДХ-ийн яаманд хандсан гэдгийг тодруулахыг зорилоо.

ШУУД:

Гэвч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр "Хэвлэл мэдээллийнхэн хүний мууд дурлаж байна. Та нарт мэдээлэл өгөх алба байхгүй" гэхчлэнгээр эрс эсэргүүцэж, биднийг яамны үүднээс хөөж гаргахыг хамгаалалтын албаны ажилтнуудаас шаардсанаар бид мэдээлэл авч чадаагүй юм. 

Харин Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг "Бид ямар шалтгаанаар ХЗДХ-ийн яаманд хандаж байгаа талаараа мэдээлэл өгөх боломжгүй. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Гэхдээ шүүх хүлээж авах байх гэсэн итгэлтэй байна. Т.Чимгээгийн хувьд биеийн байдал нь сайнгүй байгаа" гэх зүйлийг хэллээ.