ШУУРХАЙ: Хотын дарга Х.Нямбаатарын саналаар "туршилт" хийсэн Тээврийн цагдаагийн дарга Б.Оюутболдыг Б.Энхбаяр сайдын үүрэгдсэний дагуу ажлаас нь чөлөөллөө

ШУУРХАЙ: Хотын дарга Х.Нямбаатарын саналаар "туршилт" хийсэн Тээврийн цагдаагийн дарга Б.Оюутболдыг Б.Энхбаяр сайдын үүрэгдсэний дагуу ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн сайд Б.Энхбаяр дур мэдэн замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн хэмээн Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны дарга Б.Оюутболдыг ажлаас нь чөлөөлөхийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-ны /2024.03.13/ өдөр Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын даргад үүрэг болгосон билээ. 

Тэгвэл энэ дагуу өчигдөр /2024.04.03/ Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдын тушаалаар Б.Оюутболдыг ТЦА-ны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний орон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Дэлгэрсайханыг томилжээ.

Б.Дэлгэрсайханы хувьд өмнө нь ЦЕГ-ын ЭЦА-ны Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж. 

ТЦА-ны дарга Б.Оюутболдыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яагаад ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн талаар эргэн сануулахад, түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Харин уг зохицуулалтыг ТЦА дур мэдэх хийсэн гэдгийг Хотын дарга мэдэгдэж, НЗДТГ-аас уг шийдвэрийг гаргаагүй болохыг тодотгосон юм.

Үүний дараа Тээврийн цагдаагийн албанаас уг зохицуулалтыг хийж, ажлын зураг авалт хийсэн болохоо мэдэгдсэн. Улмаар иргэдийг бухимдуулсан эл "туршилт"-тай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгосон байдаг. 

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ оны хоёрдугаар сар /2024.02/-д "Ачаалалтай замуудад 07:00-09:00 цагт, орой 17:00-19:00 цагт зарим гудамж замыг нэг чигт оруулах санал"-ыг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлж байсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг бухимдуулсан "туршилт"-ыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ТЦА-нд санал болгон хүргүүлж байгаа юм. Нөгөөтэйгүүр, Б.Оюутболд нь Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэсэн байдаг ч ийнхүү сайдын үүрэг даалгавараар ЦЕГ-ын даргын тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ.