БАРИМТ: Л.Оюун-Эрдэнийн ярьсан "Ц.Элбэгдоржийн эрх ашигтай зөрчилдөөд халагдсан 12 шүүгч"-ийн зарим нь 2022 онд ажилдаа томилогдож, тэдний цалингийн хохирлыг Улс барагдуулжээ

БАРИМТ: Л.Оюун-Эрдэнийн ярьсан "Ц.Элбэгдоржийн эрх ашигтай зөрчилдөөд халагдсан 12 шүүгч"-ийн зарим нь 2022 онд ажилдаа томилогдож, тэдний цалингийн хохирлыг Улс барагдуулжээ

"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шүүхийн багц хууль нэрийн дор 409 шүүгчийг ажлаас нь чөлөөлж, улмаар шинээр томилохдоо өөрийнх нь эрх ашигтай зөрчилдсөн 12 шүүгчийг томилоогүй үлдээсэн" талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр онцолсон нь олны анхаарлыг татаад буй. 

ВИДЕО: "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн хэсгээс

Тиймээс бид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Хонгилын шүүх байгуулах санаархал"-аа хэрэгжүүлэхийн тулд эрх ашигтай нь зөрчилдсөнөөс томилоогүй үлдээсэн гэх шүүгч нарын асуудал юу болов гэдгийг эрэн сурвалжиллаа.

-Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТОМИЛООГҮЙ ҮЛДЭЭСЭН 12 ШҮҮГЧИЙН ДӨРӨВ НЬ АЖИЛДАА ТОМИЛОГДЖЭЭ-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа:

  1. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүрэнжавын Аюушжав,
  2. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Цэнд-Аюушийн Батхүү,
  3. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Лувсанжавын Ганзориг,
  4. Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржсүрэнгийн Алтаннавч,
  5. Хэнтий аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Рашзэвэгийн Булган,
  6. Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Лхагвацэрэнгийн Гэрэлмаа,
  7. Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Баасайгийн Дима,
  8. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Цэрэндоржийн Жамбалсүрэн,
  9. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Чойнорын Мөнгөнцэцэг,
  10. Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн шүүгч Жамъянгийн Наранбаяр,
  11. Өвөрхангай аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Борисын Отгонтуяа,
  12. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Дүгэрхүүгийн Эрдэнэчимэг нарыг ямар нэг хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр томилоогүй орхигдуулж байжээ. 

Тиймээс ч дээрх нэр бүхий 12 шүүгч нь шүүх, Үндсэн хуулийн Цэц, УИХ, ХЭҮК зэрэг холбогдох бүхий л байгууллагуудад хандсан байна. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр 0070 дугаартай шийдвэр гарч, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгасан байгаа юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр

Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны гуравдугаар сарын 24 ний  өдрийн ээлжит хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэн, шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр бүхий 12 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдүүлэхээр  шийдвэрлэжээ. 

Энэ дагуу:

  1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржсүрэнгийн Алтаннавч
  2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сүрэнхүүгийн Аюушжав
  3. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чойнорын Мөнгөнцэцэг
  4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дүгэрхүүгийн Эрдэнэчимэг нарыг ажилд нь буцаан томилсон байна. 

Харин үлдсэн найман шүүгчийг тэтгэвэрт гарах нас нь болсон зэрэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл ажилд нь томилоогүй байгаа аж. Тиймээс ч тухайн шүүгч нар одоог хүртэл хууль шүүхийн байгууллагаар явж байгаа гэх мэдээлэл байна. 

-8 ЖИЛИЙН ДАРАА АЖИЛДАА БУЦААН ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ НАР АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИНГАА УЛСААС НӨХӨН АВЧЭЭ-

10 орчим жил хууль хяналтын байгууллагаар явсны эцэст шүүгчийн ажилдаа томилогдсон дээрх нэр бүхий шүүгч нар нь 2013 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох найман жил таван сар 29 хоногийн цалин хөлс 316,299,661 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Шүүхээс Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын цалин хөлс болох 304,299,661 төгрөгийг тэдэнд олгож, нийгмийн даатгалыг нь нөхөн төлөх шийдвэрийг гаргажээ. Энэ дагуу улсын төсвөөс шүүгч нарын хохирлыг багадуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Товчхондоо,  улстөр, бизнесийн бүлэглэлд үйлчлээгүй, эрх ашигтай нь зөрчилдсөн гэх шалтгаанаар Ц.Элбэгдоржийн томилоогүй үлдээсэн шүүгч нарын хохирлыг улсын төсвөөс барагдуулсан байна. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр

 

-ШҮҮГЧ НАРЫН АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИНГ Ц.ЭЛБЭГДОРЖ ТӨЛӨХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ-

Угтаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заажээ. Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн магадгүй эрх ашгийн зөрчилтэй гаргасан шийдвэрийн улмаас гарсан хохирлыг улсын төсвөөр барагдуулсан байна. Тиймээс уг асуудалтай холбоотойгоор Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргаж, төрд учирсан хохирлыг буруутай этгээд байж болзошгүй Ц.Элбэгдоржоор нөхөн гаргуулах эрх зүйн үндэслэлтэй юм.

Төрийн албаны зөвлөлөөс дээрх хуулийн дагуу төрд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасан 27 албан тушаалтанд холбогдох 303 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхшаардлагыг хүргүүлж, уг шаардлагыг биелүүлээгүй 7 албан тушаалтанд холбогдох 107 сая төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг харьяаллын дагуу нийслэл болон орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан

 

Харин Иргэний хэргийн шүүхээр 13 хэрэг эцэслэн хянан шийдвэрлэгдэж, төрд учруулсан 145.7 сая төгрөгийн хохирлыг хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаагаас гадна Төрийн албаны зөвлөл болон шүүхийн шийдвэрийн дагуу 39.5 сая төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна.