О.Үлэмж: Сонгуульд нэр дэвшинэ гэсэн зургийг хараад хүмүүс итгэчихсэн байсан, дэмжиж байгаа шүү гэсэн зурвас их ирсэн /ВИДЕО/

О.Үлэмж: Сонгуульд нэр дэвшинэ гэсэн зургийг хараад хүмүүс итгэчихсэн байсан, дэмжиж байгаа шүү гэсэн зурвас их ирсэн /ВИДЕО/

Сүүлийн жилүүдэд монголд комеди урлаг хүч түрэн орж ирсэн. Тэд стэнд-ап комедигоор дамжуулан нийгмийн болж бүтэхгүй байгаа үзэгдлүүд болон улстөрчдийг хурцаар шүүмжлэн, нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг. Энэ удаад бид комедиан О.Үлэмжийг “Social ID” буландаа урилаа.

Тэрээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг тохиолдуулан “Өөрийгөө бие даан нэр дэвшихээр боллоо” гэх мэдээллийг цахим орчинд тавьж, олон хүний анхаарлыг татсан. Түүний хувьд ямар зорилгоор тус мэдээлийг тавьсан, хүмүүс хэрхэн хүлээж авсан болон улс төрийн талаарх үзэл бодлоо бидэнтэй хуваалцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу, үзэгчдэд маань өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу, намайг Оюунаагийн Үлэмж гэдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд стэнд-ап комеди хийж байгаа. Мөн 10 гаруй жилийн хугацаанд хүний эрхийн активист хийж идэвхтэй иргэн байж ирсэн. Одоо ч гэсэн идэвхтэй иргэн хэвээр байна. \инээв\

-Таны хувьд өөрийгөө бие даан сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгдсэн нь хүмүүсийн анхаарлыг их татах шиг боллоо. Ер нь тэр мэдээллийг ямар зорилгоор тавьсан бэ, хүмүүст юуг илэрхийлэхийг зорив?

-Жил болгоны дөрөвдүгээр сарын нэгэнд твиттер платформ дээр бараг халлөүвээн шиг юм болдог л доо. Бүгд улстөрчдийн дүрд хувирах гэх мэт, пароди маягаар. Миний хувьд арай үнэмшилтэй болгохын тулд вэбсайтын хаяг тавьчихсан юм. Дөрөвдүгээр сарын 1-ний пароди мөний хувьд мөн. Гэхдээ үүгээр дамжуулаад “бид бүгд үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхтэй, эрх чөлөөтэй оронд амьдардаг. Хэн ч нэр дэвших эрхтэй. Түүнийг л хүмүүст дахин сануулахыг оролдсон.

-Сонгуульд өрсөлдөнө гэх мэдээлэл тавигдсаны дараа хүмүүсийн зүгээс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ, ихэнх хүмүүс итгэчихсэн бас дэмжиж байгаа харагдсан?

-Ер нь бол комеди хийсний дараа хүмүүсээс маш их харааж доромжилсон байдал анзаарагддаг бол сонгуульд оролцоно гэсэн зурагны дор сөрөг коммент маш бага байсан нь их сонирхолтой санагдсан. Твиттер дээр бараг дэмжих хандлагатай байгаад байсан. Тэгэхээр сонгуулийн уур амьсгал орчихсон, хүмүүс хэн, хэн нэр дэмжих үү, аль нам уу гэдэг сонголтыг хайгаад эхэлчихсэн байна гэж харсан л даа. Тэр ч утгаараа хэн юм бол, яадаг хүн юм бол гээд хүмүүс их сонирхож байсан. Хувь чатаар дэмжиж байгаа шүү гэсэн мессеж их ирсэн.

-Таны хувьд залуусын улс төрийн оролцоог юу гэж хардаг вэ, мөн өөрөө ямар намд харьяалагддаг вэ?

-Би хувьдаа залуусын улс төрийн оролцоог бага гэж хардаг. Би өөрөө либертари намын гишүүн.

-Таны хувьд стэнд-ап комедигоор дамжуулаад эрх баригчдыг нэлээн шүүмжилж байгаа харагддаг?

-Комеди өөрөө улс төрийн нэг хэлбэр. Радикал, илүү хурц, өвөрмөц илэрхийллүүдийг энэ урлагаар дамжуулан хүргэж болдог. Би төр болон иргэдийн харилцааг хайр дурлалтын токсик харилцаагаар төлөөлүүлэн нэг ярьж байсан. Залуус талбай дээр зогсоод үзэл бодлоо илэрхийлэхээр бариад хорьчихдог энэ нийгэмд одоо ганц чөлөөтэйгээр үзэл бодлоо илэрхийлэх хэсэг нь стэнд-ап комеди гэж боддог.