Т.Солонго: “Sweetymotion” хамтлагт орж, хамт ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд санагдаж байна

Т.Солонго: “Sweetymotion” хамтлагт орж, хамт ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд санагдаж байна

Залуу дуучин И.Мишээл хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний эхнэр "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай нартай гэрээ байгуулсан нэрийдлээр дарамтлуулдаг байсан талаараа цахим хуудсандаа мэдээлэл хийж, шүгэл үлээсэн.

Тодруулбал “Энэ хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн. Энэ бүх цаг хугацаанд гэрт нь цэвэрлэгч, цүнх баригч, хүүхэд асрагч, жолооч, түшээ хийсээр цаг хугацаа өнгөрсөн. Мөн надад санал тавьсан олон хувь уран бүтээлчид, продакшинуудтай уран бүтээл хийж, хамтран ажиллахыг минь зөвшөөрдөггүй хааж боодог байсан. Инээсэн, мэндэлсэн, бараг зөрөөд өнгөрсөн хүнтэй намайг хардаж есөн бусаараа доромжлуулж, хүсэхгүй байгаа зүйлээ илэрхийлэх, санал бодлоо хэлэх, уран бүтээл хийж өгөхийг хүсэх, зүгээр л бараг оршиж байхдаа ч Чинбат гэж хүнд хараалгуулж маш их дарамт дунд байсан. Эцэст нь иргэн Б.Чинбат нь миний биед халдаж, зодож миний итгэл цаашдын ажил түүгээр эцэслэгдсэн” гэж цахим хуудсандаа бичсэн байсан юм.

Тэгвэл дээрх мэдээлэл гарсны дараа “Sweetymotion” хамтлагт харьяалагдаж байсан Т.Солонго мөн энэ талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ. Тэрээр “Танил түүх байх чинь вэ. “Emotion” хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай, аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байдаг шүү” гэж бичжээ.

"Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн хувьд “Өөрөө дууныхаа клипинд дургүй гээд дээр үеэс эхнээс нь нэг нэгээр нь устгаад байсан. Бидний талаас устгасан юм ёстой байхгүй. Жишээлбэл, “youtube” хаяг нь өөрийнх нь, паспортыг нь мэдэж байгаа учраас өөрөө л устгах эрхтэй. Бид эндээс устгаж чадахгүй. Хэтэрхий нэг талыг барьсан ташаа мэдээлэл яваад байна. Чинбааг дуугаа зохиож өгөөд, хамтын ажиллагааны гэрээ нь дуусангуут дуунуудаа устгасан юм шиг буруу мэдээлэл яваад байна” гэсэн байр суурь илэрхийлжээ.