Засгийн газрын энэ долоо хоног /2024.04.03/-ийн хурлаараа ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд бөгөөд хорих ял эдлүүлэх албаны даргаар ажиллаж байсан Б.Нандинболорыг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэгдэх О.Амарсанааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилохоор тохирсон учраас тэрбээр ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга АТГ-ын даргад З.Дашдавааг томилохоор санал болгосныг 2019 оны тавдугаар сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, түүнийг дээрх албан тушаалд томилж байсан юм. Авлигын тухай хуульд "Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг. Уг хуулийн дагуу АТГ-ын дарга З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны тавдугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох учиртай.
Тиймээс түүний оронд ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг томилох тохироо хийгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг томилгоог энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хийхээр төлөвлөж байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын даргад төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүнийг томилно гэж заасан байдаг. Тэгвэл АТГ-ын даргад яригдаж эхлээд буй Оюунхүүгийн Амарсанаа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, Эрх зүйч мэргэжилтэй нэгэн юм.
Төгссөн сургууль, дамжаа:
- 1997-2001 онд Цагдаагийн Академид- Эрх зүйч-Цагдаагийн ажилтан
- 2007 онд Төрийн Удирдлагын Академид Удирдахуйн ухааны магистр
- 2008, 2010, 2018 онд Египет, БНСУ, Турк улсын Цагдаагийн Академид мэргэжил дээшлүүлсэн.
- 2020 онд ТУА-ны Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 2001-2003 онд Төв аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
- 2003-2006 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч
- 2006-2007 онд Эрүүгийн Цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтэст Төлөөлөгч
- 2007-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч
- 2011-2013 онд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Дэд дарга
- Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтсийн Дэд дарга
- 2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
- 2014-2015 Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга
- 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны V хэлтсийн дарга
- 2018 онд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн дарга
- 2018-2019 онд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019-2020 онд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2020-2021 онд Экологийн Цагдаагийн албаны дарга
- 2021-2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга
- 2022 оны 11 дүгээр сараас ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.