Дүнжингарав орчимд болсон ослын хохирогч Э.Очир: Үхэлтэй тэмцэж байсан аав минь "Ээжийг л харж хандаарай" гэдэг үгийг захисан

Дүнжингарав орчимд болсон ослын хохирогч Э.Очир: Үхэлтэй тэмцэж байсан аав минь "Ээжийг л харж хандаарай" гэдэг үгийг захисан

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав орчимд газ тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож, газ алдагдсаны улмаас дэлбэрэлт болж олон хүн харамсалтайгаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Уг ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа. Тэгвэл бид уг ослын улмаас хайрт аавыгаа харамсалтайгаар алдсан Э.Очиртай ярилцлаа.  

ВИДЕО:

-ААВ МААНЬ ҮЕЭЛ АХАД “ГАЗ ҮНЭРТЭЭД БАЙНА. ХОЁУЛАА БУЦЪЯ” ГЭЭД ЭРГЭХ ХООРОНД ОСОЛ БОЛСОН ГЭСЭН-

-Юун түрүүнд танай гэр бүлд тохиолдсон харамсалтай үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Дүнжингаравын осол болох үед юу болсон талаар болон аавд нь тохиолдсон харамсалтай явдлын талаар яриагаа эхэлье?

-Нийгмийг цочроосон энэ аймшигтай осол нь 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01:00 цагийн үед болсон байдаг. Тухайн үед над руу танихгүй дугаараас залгаад, “Аав чинь ГССҮТ-ийн салбар эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Та яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэр үед би өөрөө ч шоконд ороод юу болсон талаар асуухад эмч нь, “Танд одоогоор аав нь ямар байдалтай байгаа талаар хэлэх боломжгүй. Та яаралтай ирэх хэрэгтэй” гэж хэлээд би эмнэлэг дээр очсон. Очиход үнэхээр аймшигтай дүр зураг хүлээж авсан. Хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд аав маань хонины хуйхалсан боодогтой ижил дүр төрхтэй, хүншүү хярвас, газ үнэртсэн байдалтай байсан. Аав манай үеэл ахтай явж байгаад тухайн осолд өртсөн байдаг. Энэ явдлаас болоод миний хайрт аав болон үеэл ах н.Батбаатар нар хоёулаа шархаа даалгүй бурхан болсон.

-Ямар тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм бол. Тухайн гал гарах үеийн процессийн талаар танд мэдээлэл байгаа болов уу?

-Яг юу болсон талаар нарийн зүйлийг нь би сайн мэдэхгүй. Тухайн үед манай үеэл ах ажлаа гүйцэтгэж явсан юм. Тэр ах маань сантехникийн ажил хийдэг хүн байсан. Дуудлага ирсэн гээд тэр өдөр аавтай хамт явж байгаад галд өртсөн. Аав маань үеэл ахад, “Газ шиг нэг юм үнэртээд байна. Хоёулаа буцья” гээд буцаад явах хооронд л тийм зүйл болсон гэдгийг аав минь ухаантай байх үедээ хэлж байсан.

-Ослын дараа аав нь ухаантай байсан гэсэн үг үү?

-Тийм ээ ухаан нь орон гаран л байгаад байсан юм. Тэгээд тун удахгүй шокийн байдалд орчихсон. Тийм хүнд бэртсэн хүн чинь шокийн байдалд ороод галзуу хүн шиг л авир гаргаад байдаг юм байна лээ. Тухайн үед нь эмч нар яаралтай тусламж үзүүлээд шууд унтлагын тариа хийгээд аппаратанд оруулсан.

-Аав нь хэдэн хувийн түлэгдэлттэй байсан бэ?

-Манай аав 50-60 хувийн түлэгдэлттэй байсан. Түлэгдэлтийн зэрэг нь дөрөвдүгээр зэрэгтэй гэж байсан.

-Ослын дараа аавтайгаа уулзахад осол болсон талаарх мэдээллийг хэлж байсан байна. Мөн өөр юу ярьсан бол?

-Аав маань ухаантай байх үедээ болсон бүх зүйлийг хэлсэн. Мөнх хүүтэйгээ уулзсандаа баяртай байна. Ээжийгээ л хайрлаж, харж хандаж байгаарай гэж хэлсэн.

-Ээжийнх нь сэтгэл санааны байдал мөн хүнд л байгаа байх даа?

-Гэнэтийн зүйл учраас маш хүнд байгаа. Одоогоор шокийн байдалтай, эмнэлгээр их явж эмчлүүлж байгаа.

-Танай гэр бүл олуулаа юу. Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Миний хувьд айлын ганц хүүхэд.

-ААВ МИНЬ ГАЗ ЗАЛГИСАН БАЙСАН УЧРААС 13 ДАХЬ ХОНОГООС ЭХЛЭН ХОРТ ХИЙ НЬ ДОТРООС НЬ ИДЭЭД ЭХЭЛСЭН-

н.Эрдэнэбаатар Дүнжингарав орчимд болсон ослын үеэр амиа алдсан иргэн

-Осол болсны дараа аав нь хэдий хугацаанд эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаад бурхан болсон юм бол?

-Манай аав ГССҮТ-ийн салбар эмнэлэгт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчимт эмчилгээний тасагт хүргэгдээд миний тооцоолсноор 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх бүх хугацаанд би хажууд нь байсан. Аав маань 2024 оны хоёрдугаар сарын 7-ны 01:50 цагт бурхан болсон юм.

-Аав нь 14 хоногийн хугацаанд эмчлүүлсэн байна шүү дээ. 50-60 хувийн түлэгдэлттэй гэхээр амьд үлдэх боломж байсан болов уу. Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ хэр хүртээмжтэй, хүрч ажиллаж байсан гэж та бодож байна?

-Миний хувьд тэнд ажиллаж байсан ажилчин, албан хаагч, эмч, сувилагч нарт маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Тэр хүмүүс чин сэтгэлээсээ эмчилж, 14 хоног маш сайн ажилласан. Гэхдээ дутагдалтай байгаа зүйл нь эмнэлгийн тоног төхөөрөмж байсан. Тэр тал дээр анхаарах хэрэгтэй байх.

-Ер нь тухайн үед гаднын улс оронд эмчилгээ хийлгэх боломж байсан болов уу. Энэ талаар судалж үзсэн үү?

-Байсан. Гэхдээ эмч нарын бидэнд хэлсэн зүйл нь “Шокийн байдалд орсон. Унтуулгатай байгаа. Хэрвээ сэргэвэл цаашдаа гадагш авч яваад эмчлэх боломжтой. Биеийн байдлыг нь харья” гэсэн. Гэвч нэгэнт оройтчихсон байсан. Аав маань газыг залгичихсан байсан учраас 13 дахь хоногоос эхлэн хорт хий нь дотроос идээд эхэлсэн. Венийн судас болон артерийн судсыг бүгдийг нь боогоод эхэлсэн байсан. Ер нь л хөл гар нь хөрөөд их муухай болж ирсэн л дээ.

-Тэгэхээр түлэгдэлтийн шархандаа бус газ залгиснаас үүдэж дотор эрхтнийг нь идээд тэр нь үхлийн шалтгаан болсон гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ түлэгдэлт нь 50-60 хувьтай байсан учраас гаднаасаа ч дотроосоо ч аль аль нь хавсарсан гэж болно.

-Ажил хэргээ хийж яваад, энэ аймшигт осолд өртсөн гэдэг нь монголчуудын хувьд маш том сургамж боллоо. Харин та бүхний хувьд маш том харамсалтай явдал боллоо шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол гамшгийн хэмжээний асуудал. Тийм учраас хэн нэгэн над шиг, манай ээж шиг хайртай хүнээ цаг бусаар алдахгүй байгаасай гэж хүсэж байгаа. Миний харж буйгаар төр засгийн ч буруу байгаа. Учир нь Дүнжингаравын уулзварыг төр засаг нь стандартын дагуу хүлээгээд авчихсан бол ийм зүйл болохгүй байсан. Иймд яаралтай энэ уулзварыг засах хэрэгтэй. Энэ замыг хоёр эгнээ болгодог ч юм уу, стандартын дагуу болгоод өгөөч гэж хүсэж байгаа юм. Энэ асуудалд төр засаг болон тухайн үед ажиллаж байсан эрх мэдэлтэн, албан тушаалтнууд стандартын дагуу хүлээж аваагүй байна гэж бодож, маш их гомдолтой байгаа.

-ЭНЭ НИЙГМИЙН ЗОЛИОС НЬ ААВ МИНЬ БОЛСОН. ДАХИН ХЭН НЭГЭНД ИЙМ ХАРАМСАЛТАЙ ЗҮЙЛ БИТГИЙ ТОХИОЛДООСОЙ ГЭЖ БОДООД ДУУ ХООЛОЙГОО ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХЭЭР ШИЙДСЭН-

Э.Очир Дүнжингаравын орчимд болсон ослын үеэр аавыгаа алдсан хохирогч

-Хүний амь насыг мөнгөөр үнэлж, хэмжих нь өрөөсгөл ч Дүнжингаравын ослын хохирогч нарт 10 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байгаа. Та бүхний хохирлыг барагдуулж байгаа зүйл байгаа болов уу? 

-Бид ослын талаарх төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л сонсож, мэдээлэл авч байна. Ажлын хэсгийн ахлах Шадар сайд С.Амарсайхан "Хохирогч нарын эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгох тогтоол нэгдүгээр сард гарсан" гэдгийг хэлсэн. Гэсэн ч тухайн үед мөнгө нь ороогүй. Харин гуравдугаар сард өгсөн. 

-Осол болж, аав нь харамсалтайгаар амиа алдсаны дараа төр засаг болон осол гаргасан жолооч нар, Дашваанжил компанийн зүгээс та бүхнээс уучлалт гуйж холбогдсон болов уу?

-Аав минь зүгээр л явж байгаад осолдож амиа алдсан байхад аавыг минь Монгол Улсын иргэн, осолд өртөөд амиа алдчихлаа гэж хэн ч тоогоогүй. Аавыг минь ийм хүн ослоор амиа алдсан гэдийг мартсан юм шиг байгаа юм. Хэн ч холбогдож уучлалт гуйгаагүй. Би үүнд л маш их гомдолтой байгаа. Би аавынхаа 49 хоногийг хурааж дуусаад нийгэмд ийм аймшигтай зүйл боллоо, энэ нийгмийн золиос нь аав минь боллоо. Тиймээс дахин аавд минь тохиолдсон шиг харамсалтай осол болж, над шиг, ээж шиг минь өнчирч үлдээсэй гэж бодоод дуу хоолойгоо олон нийтэд хүргэхээр шийдсэн юм.