ВИДЕО: "Ерөнхий сайдад томилогдох нь тодорхой болсон С.Зориг гэртээ 18 удаа хутгалуулан амь насаа алдсан" гэж сэтгүүлч Б.Ганчимэг бичжээ

ВИДЕО: "Ерөнхий сайдад томилогдох нь тодорхой болсон С.Зориг гэртээ 18 удаа хутгалуулан амь насаа алдсан" гэж сэтгүүлч Б.Ганчимэг бичжээ

"Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй оролцсон сэтгүүлч Б.Ганчимэг тус нэвтрүүлгийн талаар өөрийн байр сууриа facebook хуудастаа илэрхийлжээ. 

ВИДЕО: 

ТЭРБЭЭР: 

“Улаанбаатараас ярьж байна” цувралын эхний дугаарт зочноор орсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагаас Санжаасүрэнгийн Зориг агсны амь насаа алдсан хэргийн тухай хэсэг олны анхаарлыг нэлээд татсан бололтой. 

-“Та С.Зоригийн хэргийг одоо хүртэл улс төрийн хэрэг гэж бодож явдаг юм уу” гэж намайг асуухад Л.Оюун-Эрдэнэ “Та С. Зоригийн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!” гэж хариулсан хэсэг сошиал орчинд нэлээд явжээ. Би 30 гаруй жил сэтгүүлчээр ажиллахдаа Монголын улс төрийн 30 жилийн түүхийн үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж, мэдээлж байсан учраас тэр үеийг нөхцөл байдлыг сануулах үүднээс үйл явдлын дарааллыг тавья.

  • 1996 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл 50 суудал, Монгол Ардын Хувьсгалт Нам 25 суудал, Уламжлалын нэгдсэн нам 1 суудал авчээ. Эвслийн сонгуулийн ерөнхий менежер М.Энхсайхан Ерөнхий сайд болж, Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж “гомдолтой” үлджээ.
  • 1997 онд сөрөг хүчин МАХН-ын нэр дэвшигч Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Ардчилсан холбоо эвсэл улс төрийн хямралд орж эхлэв.
  • 1998 онд Үндсэн хуулийн Цэц “УИХ-ын гишүүн сайдын албыг давхар эрхэлж болохгүй” гэдэг заалтыг өөрчилж тайлбарласнаар УИХ дахь Эвслийн бүлгийн дарга Ц.Элбэгдорж сайдууд Улсын Их Хурлын гишүүн байх нь зүйтэй гэсэн улс төрийн шахалтыг үзүүлж эхлэв.
  • 1998 оны дөрөвүгээр сарын 16-ны орой Ардчилсан холбоо эвслийн Ерөнхий зөвлөлийн хурал болж М.Энхсайханы Засгийн газрыг огцруулах улс төрийн шийдвэр гаргав.
  • М.Энхсайхан 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд огцрохдоо энэ бол зөвхөн улс төрийн шалтгаантай байсан гэж мэдэгдэв.
  • Ц.Элбэгдорж 1998 оны дөрөвдүгээр сарын 24 Ерөнхий сайдаар томилогдов.
  • Ц.Элбэгдоржийн Засгийн газар 1998 оны 7-р сарын 24-нд огцорч, 1998 оны 12 дугаар сарын 9 хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллав.
  • Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа Эрдэнэтийн удирдлагийг өөрчлөх талаар голлон хуралдсан бөгөөд 1998 оны 8 дугаар сарын 10-нд Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийн чөлөөлж, Д.Дорлигжавыг Ерөнхий захирлаар томилов.
  • Ардчилсан холбоо эвсэл Д. Ганболдыг Ерөнхий сайдад томилох саналыг  Ерөнхийлөгч Н.Багабанди 7 удаа буцаажээ.
  • 1998 оны 9-р сарын 30-нд Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Ерөнхий сайдаар томилох Ардчилсан холбоо эвслийн саналаас албан ёсоор татгалзав. Энэ хариуг хүлээлгүйгээр Эвслийн удирдлага дараагийн нэр дэвшигчээр С.Зоригийг ярилцаж эхэлжээ. Шийдвэрийг хүлээсэн С.Зориг гадаад томилолтоо хүртэл хойшлуулсан байна.
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс “Чи Ерөнхий сайд болчихвол “Эрдэнэт”-ийн асуудлаар ямар байр суурь баримтлах вэ” гэхэд нь С.Зориг “Поезд ушёл” гэжээ.
  • 10-р сарын 2-нд Ардчилсан холбоо эвслийн голлох фракцын удирдлагууд албан бусаар уулзаж, Ерөнхий сайд С. Зоригийг дэмжихээр тохиров.
  • Тус уулзалтын дараа С. Зориг Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын удирдлагуудтай дахин уулзав.
  • 10-р сарын 2-ны өдөр УИХ-ын намрын чуулган эхлээд хоёр хонож байсан ба 4 сар хүлээгдсэн шинэ Ерөнхий сайдын томилгоо улс төрийн голлох сэдэв болсон байв.
  • 10-р сарын 2-ны өдөр Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хурлыг Хүүхдийн ордонд хуралдуулж, Засгийн газраа эмхлэн байгуулж чадаагүй УИХ-ын дарга Р.Гончигдоржийг огцруулах, ерөнхий сайдыг яаралтай томилж, нийгэм улс төрийн хямралт байдлыг даван туулах асуудлыг хэлэлцэхээр товлож, орон нутгаас намын төлөөлөгчид цугласан байв.
  • Гэвч Монголын Үндэсний Ардчилсан Намын Ерөнхий зөвлөлийн хурлыг намын дарга бөгөөд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдорж хойшлуулжээ.
  • Тус өдөр Ерөнхий сайдад томилогдох нь тодорхой болсон С. Зориг 21:40 минутын үед гэртээ орж, 18 удаа хутгалуулан амь насаа алдав.

Яг энэ цаг хугацаатай давхцан Ц.Элбэдорж ууланд алхаж байсан бөгөөд ирэхэд нь харамсалтай хэрэг гарсан байв. 10 сарын 3 нд Засгийн газрын ээлжит бус хурал зарлагдав. ЦЕГ-ын дарга хурандаа Д.Мөрөн энэ бол Эрдэнэттэй холбоотой баримт бийг дурдав. Улмаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаж улс төрийн захиалгат аллаг бөгөөд С.Зоригийн амьдралын хэмнэлийг сайтар мэддэг тусгай албаны оролцоотой гэж дүгнэж байв. 

Гэвч энэ ажлын хэсэг 5 удаа солигдсон билээ …