Амиа алдсан алба хаагч зургаадугаар сард болох "Онцгойгийнхоо 20 жилийн ойдоо оролцоод тэтгэвэртээ гарна" хэмээн ярьж байжээ

Амиа алдсан алба хаагч зургаадугаар сард болох "Онцгойгийнхоо 20 жилийн ойдоо оролцоод тэтгэвэртээ гарна" хэмээн ярьж байжээ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудал дахь “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч, энэ үеэр Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.04.08/ гарсан билээ.

Галын улмаас амиа алдсан алба хаагч нь онцгой байдлын байгууллагад 20 гаруй жил ажилласан. Ам бүл зургуулаа бага насны таван хүүхэдтэй албан хаагч байсан байдаг. Талийгаач нь тэтгэвэрт гарах өргөдлөө удаа дараа өгсөн ч хүлээж аваагүй гэх мэдээлэл мөн өчигдөр гарсан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар галын үеэр амиа алдсан талийгаач нь "Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээнд оролцож, ойгоо тэмдэглэж дуусаад тэтгэвэртээ гарна" хэмээн ойр дотны найз, хамт ажиллаж байсан нөхдөдөө хэлж байсан байна. Амиа алдсан алба хаагчид Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгох аж. Мөн онцгой байдлын алба хаагчид амь насны даатгалтай байдаг бөгөөд уг даатгалаас нөхөн олговор олгох юм байна. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 49.3. Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж заажээ.