Нөхөр Н.Лүндэндорж нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбумын асуудлаар ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Соронзонгийн хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр боллоо

Нөхөр Н.Лүндэндорж нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбумын асуудлаар ажлаасаа чөлөөлөгдсөн Ж.Соронзонгийн хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр боллоо

Нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ. 

Тодруулбал, Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг өчигдөр /2024.04.09/ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцсэн байна.

Улмаар уг гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Эргэн сануулахад,  Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэл гаргасан байдаг. 

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлыг ОХУ-ын хариуцагч байгууллагын талтай харилцан тохирч томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу тус сургуулийн Удирдах зөвлөлөөс /Монгол Улс болон Оросын холбооны Улсын хамтын удирдлага/ тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байсан Ж.Соронзонг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад БШУ-ны сайд шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн байдаг. 

Ажлын хэсгийн дүгнэлтээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагчдаас сургалтын төлбөрийг 5 арилжааны банкнуудад хадгалуулж, 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй.

Захирал Ж.Соронзон нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лүндэндоржийг гэрээт багшаар томилон 2020 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн.

Мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн "Эрхга" ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Дээр дурдсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн холбогдох заалт болон сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж маргасан байдаг юм.