“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүний холбоотой хэд хэдэн хүнийг өчигдөр /2024.04.15/ Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ЭЦА-наас тухайн иргэдээс тайлбар, мэдүүлэг авч, улмаар хойшлуулшгүйгээр саатуулсан байна.
Тодруулбал, “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа, тус компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон бүлэг зохион байгуулалтад орж, Р.Базараа нарын захиалгаар бусдыг дарамталж, айлган сүрдүүлдэг гэх Э.Хаш-Эрдэнэ нарын таван хүнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатайгаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзвэл прокуророос саналаа шүүхэд хүргүүлэх аж.
Зарим эх сурвалжууд "тухайн нэр бүхий иргэдийг сонгуулийг хууль бусаар санхүүжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчлан шалгаж байгаа" гэдгийг мэдээлж байгаа юм.