ТА НЭР ДЭВШИХ ҮҮ: УИХ-ын гишүүн Н.Учрал тойргоо сольж Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвших бол М.Оюунчимэг, Ж.Эрдэнэбат нар хуучин тойрогтоо очно гэв

ТА НЭР ДЭВШИХ ҮҮ: УИХ-ын гишүүн Н.Учрал тойргоо сольж Сүхбаатар, Чингэлтэйд нэр дэвших бол М.Оюунчимэг, Ж.Эрдэнэбат нар хуучин тойрогтоо очно гэв

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодруулж буй долоо дахь цувралаа хүргэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН, ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ:- 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Энэ хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хийж хэрэгжүүлж чадсан. Тиймээс иргэдтэйгээ уулзах, тайлангаа тавих ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хууль батлах үйл ажиллагаанд оролцохоос гадна тойрогтоо шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын болон дүүрэг, нийслэлийн төсвөөр шийдүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Тийм ч учраас 2020 онд улсын хэмжээнд хамгийн өндөр саналыг надад өгсөн. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын ажлыг нэг жилийн хугацаанд хийлээ. Бүх төрлийн түгжрэл, дүрэм журмын түгжээ, хотын түгжрэлийн гол цөм нь болсон Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж түгжрэлийг тайлахад технологийн шийдлийг ашиглана гэж бодож байна. Ухаалаг, иргэндээ ээлтэй хотыг бүрдүүлэхийн тулд төв цэгээс эхлэхээс өөр аргагүй. Хотын төв тэр дундаа хоёрхон хороонд л үүсээд байгаа түгжрэлийг тайлах шаардлага бий. Тэгэж байж хот өөрөө тэлж хөгжинө. Хийж буй ажлынхаа хувиар мөн улс төрийн сонгуульт албан тушаалын хувиар ч энэ удаа хотын төв цэгт нэр дэвших бодолтой байна. Аль ч нам гэхгүйгээр би нээлттэй хамтраад ажиллахад бэлэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТ: - Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн хийсэн. Иргэдийнхээ амьдрах нөхцлийг сайжруулахад илүү анхаарлаа. Мөн бэлчээрийн даацыг сайжруулах, давхардсан мал аж ахуй эрхлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч энэ чиглэлийн хуулиуд дээр ажилласан. Энэ жил тойрог томссон. Хуучин Сэлэнгэ аймагтаа л нэр дэвшдэг байсан бол энэ жил Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн бүсэд нэр дэвшинэ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Би тойрогтоо, Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Энэ жил Сүхбаатар, Чингэлтэй нэг тойрог болно. Миний тухайд хариуцлагатай, ачаалалтай ажилладаг. Өнгөрсөн хугацаанд 16 хуулийн төсөл дээр ажилласан. Үүнээс Хүүхэд хамгааллын тухай хуулийг онцолж болно. Энэ хуулиар хүүхэд хамгаалагч байцаагчийн төсвийг 14 тэрбумд хүргэж нэмэгдүүлсэн. Хүний нөөцийг нэмэгдүүлснээс гадна ажлын зохион байгуулалтыг тодорхой болгож өгсөн. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хуул дээр ажилласан. Монгол Улс анх удаагаа Нийгмийн эрүүл мэндийн тухай хуультай болж байгаа юм. Энэ бол хүн өвдсөнийхөө дараа эмнэлэгт очиж хамаг хөрөнгөөрөө хохирох бус өвдөхөөс өмнөх аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм. Өнгөрсөн хугацаанд 40 гаруй ажлын хэсэгт орж ажиллаж, тулгамдсан гурван асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Үүнээс гадна Нүүрсний нээлттэй сонсгол, Эмийн нээлттэй сонсголд орж ажиллалаа. Эмийн ажлын хэсгээс эхлээд Түр хороо болох хүртэл нь хөөцөлдөж ажилласан байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР: -Би нэр дэвших хүсэлтээ өгөөгүй. Одоогоор тодорхой болоогүй байна. Өнгөрсөн хугацаанд Төрийн албаны нэмэгдлийг суманд 40 хувь, аймагт 20 хувь болгосон бөгөөд сумын албан хаагчид таван жил тутамд зургаан сарын цалинтай дүйцэхүйц урамшууллыг авч болдог хуулийг санаачилж, батлуулсан. Ингэснээр ажиллах хүмүүсийн нийгмийн асуудлууд шийдэгдэж, сул орон тоо нөхөгдөж, төвлөрөл саарна. Мөн Хөдөлмөрийн хуулинд уул, уурхайн уртын ээлжинд ажиллагсадын ажлын хоног 14, амралтын хоног 14 хоног байна гэх заалтыг оруулсан. Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн суманд ажиллаж буй албан хаагчид таван жил тутам 30 сарын хэмжээтэй дүйцэх урамшууллыг олгох асуудал батлагдсан. Шинэ сэргэлтийн бодлогуудад Хэрлэн тоонот, Орхон Онги төслүүдийг хийсэн. Энэ цаашид хэрэгжих боломж нөхцөл бүрдэж говийн бүс нутагт гадаргын ус очих боломжтой болсон. Хилийн тухай хуульд Боомтын захиргаа байж боомтын хөгжлийн хариуцах ёстой гэсэн заалтыг оруулсан. Ингэснээр хилийн боомтууд хөгжих боломж нээгдсэн.




Өнөөдөр бар өдөр

22 минутын өмнө