С.Эрдэнэ: Хотын тойргийг танаж буйг эсэргүүцэж байна

С.Эрдэнэ: Хотын тойргийг танаж буйг эсэргүүцэж байна

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж /2020.01.27/ гурван асуудал хэлэлцжээ. Үүнд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаарх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжсэн байна. Мөн УИХ-ын сонгуулийн тойргийн хувиарлалтын асуудлаарх байр сууриа илэрхийлж, Коронавирусийн өвчлөлийн асуудлаар иргэдийн санал бодлыг төр засагт уламжлах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.ЭРДЭНЭБАТ "Улсын Ерөнхий прокуророос энэ сарын 15-ны өдөр гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хурлын хугацаа удааширч байгаа тул яаралтай хуралдах шаардлагыг тэд хүргүүлж байсан. Тэд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дэмжсэн саналыг байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжсэн байр суурьтай ажиллана" гэсэн юм.

Түүнээс гадна УИХ-ын сонгуулийн тойргийн асуудалд нийслэлийн тойргийг багасгаж байгааг эсэргүүцэж байна. Аймгуудад тойрог нэмэх нэрийдлээр нийслэлийн тойргийг хасч байгааг эсэргүүцэж, энэ байр сууриа хадгална гэв. 

Энэ талаар Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ "УИХ-ын тойрогтой холбоотой асуудлаар бид хэлэлцлээ. Хүн ам ихээр төвлөрсөн нийслэлийн мандатыг тоог хасах асуудлыг эсэргүүцэж УИХ-ын даргад албан тоот хүргүүлсэн. Гэхдээ хуулийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан үзээд тойрог тогтоох асуудлын хүрээнд саналаа илэрхийлсэн. Гурван мандаттай ч 90 мянга хүрэхгүй цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийнхийг хөндөхгүй байх шаардлагатай гэж үзэж байна" гэлээ.

Мөн тус бүлэг  коронавирустай холбоотой элдэв мэдээлэл гарч байгаад холбогдох газрууд иргэдэд мэдээлэл өгөхдөө удаашралтай байгаа нь нуун далдалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгааг онцломоор байна. Оюутнуудын хичээлийг хаасантай холбоотойгоор орон нутгийн оюутнуудыг хөдөө орон нутаг руу явуулах ажлыг зохион байгуулах, оюутны байруудыг хааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй. Мөн баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй бөгөөд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх амны хаалт болон ариутгах хэрэгслийн хүртээмж хомс, үнэ хөөрөгдөж байгаа асуудлыг ч анхаарах нь зүйтэй.